
"Авлига ногоон" гэх автобусны өнгө будаг, чанар гологдож, асуудал ид өрнөж байна. Солонгосоос ирсэн Daewoo компанийн захиралд итгэхгүй, "Энэ чинь Хангүг хоолны газрын ажилчин биш үү" гэж эргэлзлээ. Юутай ч Нийслэлийн авто замын түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар "Энэ нийтийн тээврийн оруулж ирсэн автобусны ногоон нь минийх, улаан нь Сумъяабазарынх" гэсэн сурагтай. Ногоон автобусны хэргээр
Ногоон автобуснаас гадна улаан ч асуудал дагууллаа.
Улаанбаатар хот 2022-2023 оны гуравдугаар сар хүртэл нийт 224 автобусаар парк шинэчлэл хийсэн талаар Д.Сумъяабазар дарга мэдэгдсэн. Ингэхдээ худалдан авалтыг нууцын зэрэглэлтэй хийсний дүнд цаг хожсон гэж ам таглаж буй. Тэгвэл аудитаас Нийслэлийн 2022 онд захиран зарцуулсан мөнгөнд шалгалт хийжээ. Олон нийтэд ил тод мэдээлэл байх ёстой аудитын уг дүгнэлт автобусны худалдан авах үйл ажиллагаатай адил өнөөдрийг хүртэл хотын дарга нарын сейфэнд хадгалаастай, хав дараастай байна.
Аудитаас нийслэлийн удирдлагууд БНХАУ-аас “улаан” автобус худалдан авахдаа багагүй зөрчил гаргасан гэж дүгнэсэн байна. Тухайлбал, БНХАУ-ын “Xiamen golden dragon bus” буюу “Шимен голден драгон бас” үйлдвэрийн автобусны нэг бүрийн үнэ 640,781 юань гэж аудитаас тогтоожээ. Үүнийг автобус худалдаж авах гэрээ байгуулсан 2022 оны 11 гдүгээр сарын 10-ны валютын ханшаар бодож үзэхэд, нэг автобусны үнэ 300 гаруй сая төгрөг болж байна.
Тэгвэл хотын удирдлагууд өнгөрсөн нэгдүгээр сард “Xiamen golden dragon bus”-ний нэг бүрийн үнийг 561,081 юань буюу 265 сая төгрөг гэж олон нийтэд танилцуулсан. Бүр тодруулбал, Хотын даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ 2023 оны нэгдүгээр сарын 17-нд “Шинэ автобусны үнэ. Тендерт ирүүлсэн санал. Энэ компани дэлхийн 40 гаруй улсад автобус экспортолдог” гэж байлаа.
Гэвч аудитын тайланд дурдсан болон хотын зүгээс зарласан үнийн дүн олон тэрбумаар зөрж байна. Үнийн зөрүүнээс үзвэл, 224 автобус худалдан авсан талаарх аудитын дүгнэлтийн үнэ нийслэлийн удирдлагуудын танилцуулсан мөнгөний хэмжээ нийт дүнгээрээ найман тэрбум төгрөгөөр лав сох дутаж байна.
