Жилийн өмнөхөн улсын начин Б.Сугаржаргал Дорноговь аймгийн Даланжаргалан сумын “Олон овоо” гэх газарт байрлах гаалийн талбайд баахан бөхчүүд дагуулж очин бөөн хэрэг дэгдээсэн шуугиан гарч байсан. Тэрхүү бөхчүүд нь начины ах болох “Тэнгэрлэг Бурхан Халдун” хамгаалалтын албаныхан агаад гэхдээ тэд бус харин “урилгаар” шахуу хамт очсон шоронгоос суллагдаад удаагүй байсан М.Амартүвшин “гол дүрд” нь тоглоод эцэстээ өөрөө хохирчээ. Тэрээр тоглохдоо хэтрүүлээд хутга гаргасан, мөн заналхийлсэн хэргээр ял авчээ. Харин байдлыг холоос хараад зогсож байсан гэх начин Б.Сугаржаргал гэрчээр асуугдсан байна. Болсон явдлыг эхнээс нь дурдахад 2021 онд хятад бизнесмэн Жан Ян, түүний монгол эхнэр Ц.Нансалмаа нар уг гаалийн 14-р талбайг Ө.Алтанхуягаас таван жилээр түрээслэн түрээсийн 200 сая төгрөг төлжээ. Хэдийгээр гэрээний хугацаа дуусаагүй ч “хамтран ажиллахад төвөгтэй” гээд хятад компанийг “жийхээр” шийдэж “Тэнгэрлэг Бурхан Халдун”-аас хамгаалалт авахаар гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу хамгаалагчид очихоор болоход Б.Өнөржаргалын толгойд хамгийн түрүүнд Амартүвшин буусан гэнэ. Начин ч гэсэн суллагдаад удаагүй “атаманыг” аваад очвол нөгөө талынхан айна гэж тооцоолжээ. Тухайн өдөр хятад компанийхан түрээсэлсэн талбайдаа орох гэтэл баахан залуус гэнэт гарч ирэн зам хаасан нь Б.Сугаржаргал нар байжээ. Тэрээр "Та нар одоо яриад хэрэггүй, бид хамгаалалт авсан. Талбай манай мэдэлд шилжсэн, гэрээ хийсэн байгаа" гэжээ. Түрээсийн гэрээтэй гэдгээ хэлэхэд “Тэнгэрлэг Бурхан Халдун”-ы хамгаалалтын албаны дарга Сүхбаатар “Тэр гэрээ хамаагүй, манай тал хамгаалалтын гэрээ хийсэн тул та нарыг оруулахгүй” гэжээ. Ингээд “тулаан” эхэлжээ. Энэ үед кепкен малгайтай, махлагдуу шар залуу гарч ирсэн нь суллагдаад удаагүй Б.Амартүвшин байжээ. “Айлгах ажиллагаа” эхэлж хутга гарган “наад п-нуудтайгаа юу ярьдаг юм бэ, эндээс зайлцгаа” гэж хөөжээ. Хятад компанийхан хүч нэмэгдүүлэн ирэхэд машины арын суудалд суусан залууг замдаж боогоод өшиглөөд унагажээ. Ингэхдээ гар утсаараа видео колл хийн “Өнөрөө Алтанхуяг та хоёр арыг нь даана гэсэн биз дээ, энэ хоёрын хэнийг нь хатгах юм бэ” хэмээн хутгаа гозогнуулахад хятад компанийхан ухаан алдатлаа айж бушуухан зугтаж удирдлагадаа мэдэгджээ. Удалгүй хотоос Жан Ян захирал монгол эхнэрийн хамт иржээ. Баян хятадтай суусан хүүхнүүд давилуун тул монгол эхнэр нь ирэнгүүтээ “муусайн гуйлгачид миний талбайгаас зайлцгаа” хэмээн хөөж Б.Сугаржаргалын хамгаалагчдыг өөрсдийг нь айлгажээ. Алтанхуягийн хөл рүү өшиглөжээ. Ийнхүү хэрэлдэх толхилцох хоорондын дундуур гэнэтхэн өвөрмонгол орчуулагч Жаргал атаман Амараа хоёр урьдын “ах дүү хоёр” болж таарчээ. Ах дүүс хэл амаа ололцож Жаргал нь “танд таван цаас хэрэгтэй бол аваач” гэсэнд Амараа дансаа өгчээ. Удалгүй хятад захирлын монгол эхнэрээс 10 сая төгрөг орж ирсэн. Гайхалтай нь мөнгө авсаныг начин, начины ах, мөн талбайн эзэн Алтанхуяг мэдээгүй гэнэ. Ийнхүү “найрамдлын гэрээ” байгуулагдсан тул хятад монголгүй бүгд хот руу буцжээ. Атаман Амараа Жан Ян захирлын машинд заларчээ. Хятад захирал хотод ирэнгүүтээ тэднийг бүгдийг нь “Соёл” спа-саунд оруулж дайлсан байна. Гэхдээ л хятад компанийхан тэр дор нь цагдаад өргөдөл гаргажээ. Хэрэг мандсаны дараа Улаанбаатарын өвөрлөгчдын дунд алдартай өвөрмонгол Төмөрөө атаманд боолгуулсан залууг Зайсангийн “Анома” хотхонд дууджээ. Очиход өргөдлөө татчих гэжээ. Удалгүй атаман Амараа ч ирж хоёр жилийн тэнсэнтэйгээ хэлж өргөдлөө буцаахыг гуйжээ. Тэрээр мөнгийг ганцаараа авсан гэхэд хятад компанийхан итгэлгүй “Чи хуваачихаад ганцаараа даах гээд байгаа юм уу" гэжээ. Ийнхүү хоёр жилийн тэнсэнтэй байсан Амараа хүнд байдалд оржээ. Мөнгө шилжүүлсэн хятад захирлын монгол эхнэртэй уулзан 10 сая төгрөгийг нь буцааж өгөөд “би өмнө нь хэрэгт холбогдож байсан, одоо дахиад хэрэгт холбогдох юм бол суух гээд байна, би эхнэр хүүхэдтэй хүн, тухайн үед хүмүүсийг дагаж яваад саагаад онгирчихсон юм” гэжээ. Гэсэн ч нэмэр болсонгүй. Өнгөрсөн сард шүүх түүнд 3,4 жилийн хорих ял оноожээ.