Хотын захиргааны ногоон автобусны хэрэг, улстөрчид орооцолдсон нүүрсний хэрэгт адил төстэй зүйлс яваад байгааг хүчнийхэн олж тогтоожээ. Энэ нь эрх мэдэлтнүүд өөрсдийн ачааны машинаа нүүрсний тээвэрт, хотын нийтийн тээврийн зорчигч ихтэй чиглэлд шахах явдал гэнэ. Нүүрсний тээвэрт Улаанбаатарын улстөрчдийн олон зуун машинаас гадна орон нутгийн “феодалууд”-ын олон арван машин машин явдаг нь нийтэд ил болоод удаж байна. Энэ явдал зөвхөн Өмнөговьд ч биш Дорнодод бас гардаг. Гарах гарахдаа улаан цагаан явагддаг. Олон нийтийн сүлжээгээр Тавантолгой-Цагаан хадны нүүрс тээвэрт “Сумьяабазарын харууд” нэртэй 100 том машин явдаг гэх мэдээлэл цацагдсан. Орон нутгийнхан аймгийн дарга нараас хэний хэдэн машин явдагийг хуруу тоолон хэлж өгдөг. Тэгвэл нийслэл хотын нийтийн тээврийн зорчигч ихтэй буюу унац сайтай чиглэлүүдийг Улаанбаатарын дунд тушаалын дарга нар өөрсдийн автобусаа явуулахаар хуваан авсан нь ил болжээ. Бүр чиглэлүүдийг наймаа хийж буй аяатай өгч сольж бас ээлжилж явдаг байжээ. Явах автобусны тоо нь доод тал нь тав араваар тооцогдож байгаа аж. Үйлчилгээнд заримдаа өнгө зүс сайтай, цэвэрхэн дулаан автобус таардаг нь өнөөх дарга нарых гэнэ. Хар утаа баагиулсан, хачин муухай үнэртэй, хүйтэн ямбийнууд нь голдуу “засгийх” байж таардаг. Бид нийслэлийн автобусанд сууж байна гэж бодож байсан ч үнэндээ хотын дарга нарын унаанд л хөл дүүжилж явжээ. Төлдөг мөнгө нь цаагуураа тэдний халаасанд л орж байжээ. Ийм л учраас нүүрсний болон ногоон автобусны хэргийг эцэст нь хүртэл явж мухарлах шаардлагатайг иргэд ухаарах хэрэгтэй.