Уран дархан, Дарьганга хийцээрээ эртнээс алдартай Сүхбаатар айймгийн Угсаатны зүйн музейд алтан аяга хадгалагддаг. Уг алтан аягыг уран дархан Б.Хүрэлбаатар “Ижийгээ амьдад нь алтан аяганаас ус уулгая” гэж бодон урласан гэж тайлбарладаг. Аягыг луун хээ бүхий шаазан аягыг мөнгөлж, алтаар шарсан байна. Аяганы ёроолд утсан сүлжээгээр хорол эрдэнийг хийж, голд нь шүр шигтгэжээ. Аяганы туурганы ирмэгээр давхар хумсан хээ болон гол хэсэгт угалз хээг хөндий байдлаар хийж, зээг ороож чимэглэл хийсэн учраас маш нарийн, тансаг хийцтэй гэж эд мэддэг улс бахархдаг.
Дархан Б.Хүрэлбаатар 1986 онд 21 настай залуу Халзан суманд багшаар ажиллаж байхдаа айлд мөнгөлсөн луутай шаазан аяга харжээ. Тэр аяга алдарт дархан М.Балдан-Осорын хийцийн аяга байсан аж. Тэгээд шаазанг алт мөнгөөр бүрж болох юм байна гэж бодож аяга урлаж эхэлжээ. Шаазанг гэмтээхгүй мөнгөөр бүрнэ гэдэг асар их ур ухаан, тэсвэр тэвчээр басхүү чадвар шаарддаг гэнэ. Энэ алтан аягыг бүтээхэд гурван сарын хугацаа зарцуулсан аж.