Ийм нэгэн хэрэг гарч монгол эмэгтэйн нөхөр 500 мянган төгрөгөөр торгуулжээ. Болсон явдлын тухай монгол эмэгтэй нь “...14 цагийн үед оношлогч аппаратад орно гээд Найрамдал эмнэлэг дээр очсон. Тэгээд хятад эмчийн 2 давхарт байх өрөөнд ортол “... оношлогч аппаратад орчих. Ойролцоогоор 1 цаг орчим болно. Дуусаад гараад ирээрэй, би чам руу мессеж бичье, чи дэлгүүрээс бариа хийх тос, нэг удаагийн бээлий зэргийг аваад ирээрэй. Биеийн юм чинь хэзээ ирсэн бэ, хүүхдийг чинь харах хүн байгаа юу...” гэх зэргээр асуусан. 14 цаг 50 минут гэж оношлогч аппаратаас гарахад над руу “... эм тос юу ч хэрэггүй авчихлаа, 10 хороолол, туслах зам дагуу Голомт банк тулаад Солонгос ресторан 202 тоот” гэсэн мессеж явуулсан. Солонгос ресторан гэсэн бичигтэй газар луу ороод 202 тоот хаана юм бэ гэж ресефшинээс асуухад “зочид буудал шүү дээ” гэж хэлсэн. Би хажуу талынх нь хаалгаар ороод 202 тоот хаалгыг тогшсон эмч саарал дотуур өмдтэй, саарал футболктой хаалга онгойлгоод инээгээд уриалагхан угтаж авсан. Тэгээд “Би чамайг эдгээнэ, эмчилнэ, тийм учраас чи надтай харьцаатай байх хэрэгтэй. Би чамайг эмчилж байгаа юм чинь хоёулаа хааяа уулздаг харьцаатай байна. Гуравдагч этгээд мэдэх ёсгүй” гэж хэлээд миний чигчий хуруу, эрхий хуруу хоёрыг өөрийнхөө гарын чигчий хуруу, эрхий хуруутай нийлүүлсэн. Би хятад эмчээс айж эвгүй зүйл болох нь гээд буудлын өрөөний өлгүүр хэсэгт очоод утсаа гаргаж “нөхөртэйгөө яриадахъя” гэж хэлэхэд тэр эмч “чи нөхөртөө 2 цаг болно гээд л хэлчих” гэж хэлэхээр нь гялс хувцсаа аваад буудлын өрөөнөөс гарч явсан. Тэгээд зогсоол дээр очоод нөхөр лүүгээ залган “ эмч надтай уулздаг байя, бараг энд надтай унтах гэж дуудсан юм шиг байна аа” гэж уйлаад болсон зүйлээ хэлсэн. Тэгсэн манай нөхөр болгоомжтой машинаа бариад гэртээ хүрээд ир гэсэн. Би гэртээ ирээд нөхөртэй болсон зүйлийг дэлгэрэнгүй ярьтал манай нөхөр уурлаад гараад нөгөө буудлын өрөө орсон. Манай нөхөр “... эмнэлэг рүү чинь орж асуудлыг чинь хэлж чамайг онигоо болгоно” гэсэн. Тэгэхэд хятад эмч “битгий л дээ ахын дүү ахыгаа уучлаач ийм юм болно гэж ёстой мэдсэнгүй, хөгшин төгцөг би нээрээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр эмчийг машин руугаа чихэж суулган эмчийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон...” гэжээ. Гэмт хэргийн улмаас хохирогч БНХАУ-ын иргэний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр “...Миний зүгээс ямар нэг гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлжээ.