Төрийн хэмнэлтийн бодлого, Засгийн газрын тогтоолоор төрийн байгууллага, ТӨХК-уудыг урлаг соёлын арга хэмжээ ивээн тэтгэхийг бүрмөсөн хориглосон. Тэгвэл Оростой харьцах тал дээр бие даасан “гадаад бодлого” явуулдагаараа нэрд гарсан Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэд хамаагүй аж. Тэрээр төсвийн 150 сая төгрөгөөр “Ээж” гэдэг олон ангит уран сайхны кино хийгээд явж байна. Нэгэнт мөнгийг нь гаргаж байгаа тул продюссер нь болсон гэсэн үг. Уг мөнгийг кино хийхээр “Грийн бизнес өүвнэр” гэдэг компани авчээ. Нэрнээс нь л харахад байгаль орчны чиглэлээр байгальд ээлтэй бизнес явуулдаг компани болж таарч байна. Гэхдээ Б.Ариун-Эрдэнэ кино хийж чадна гээд мөнгө өгчээ. Ийнхүү Засаг даргатан Монголын кино үйлдвэрлэлийн түүхэнд “продюссер” гэдэг нэрээр “мөнхрөх” нь тодорхой болжээ. Уг нь аймгийнхаа хөгжлийн түүхэнд бүтээн байгуулагч гэдгээрээ мөнхөрвөл сайнсан. 150 сая төгрөгөөр их юм хийж болно доо уг нь ...