Хэдий ээж нь гомдол саналгүй хэмээж шүүх эмнэлэгт үзүүлэхээс татгалзсан ч шүүх 58 настай Д.Г-г төрсөн эх Г.Ц-д бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, биед нь хууль бусаар халдаж зодон, хэл амаар гутаан доромжилж, орилж хашхиран эд зүйл барьж зодохоор далайх, шидэх, гэрээс нь хөөх, нүдийг нь ухна, ална гэж заналхийлэх зэргээр догшин авирлаж, харгис хэрцгий харьцаж тарчлаан гэр бүлийн хүчирхийллийг ахмад настны эсрэг байнга үйлдсэн гэмт хэрэгт буруутган нэг жил хорих ялаар шийтгэжээ. Хохирогч нь “...Хүү Г намайг янхан, гичий, банзал, өлөгчин гэх мэтээр болж бүтэхгүй муухай үгээр байнга доромжилдог. Би хүүгийн хоол цай, хувцас хунарыг нь байнга угааж өгдөг, би хүүдээ уурладаггүй. Тийм байтал намайг байнга цохиж хэл амаар доромжилдог, гэрээс хөөдөг. Өмнө нь олон удаа зодож байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Гомдол санал байхгүй” гэж мэдүүлжээ. Хохирогчийн хөрш нь “...Би 2 давхарт, Ц 5 давхарт амьдардаг. Ц гэртээ хүү Г-ын хамт амьдардаг. Ц миний мэдэхээр 3 хүү, 1 охинтой. Бүх хүүхдүүд нь архи уудаг, бүгд тусдаа амьдардаг. Хүү нь архи уухаараа агсам тавиад ээжийнхээ толгой, нуруунд цохидог гэж ярьж байсан... Би заримдаа Ц-д хоол хийгээд оруулж өгдөг юм. Тэгэхээр Ц тэр хоолыг хүүдээ өгөөд байдаг юм. Айгаад байдаг юм шиг байна лээ. Хүү нь тэтгэвэр нь буугаад мөнгөөрөө архи уудаг. Архи уух болгондоо ээжийгээ зодоод байдаг. Хүүгээ архи уугаад агсам тавиад байхаар нь Ц манай гэрт ирж надаас тусламж хүсдэг. Сүүлийн үед гэрт ирэхээ болиод намайг утсаар дуудаж тусламж хүсдэг болсон...” гэжээ. Хорооны нийгмийн ажилтан “...Би Г-ын гэрт сардаа 1-2 удаа орох болгонд архи уусан согтуу орон дээрээ хэвтэж байдаг. Харин ээж нь айсан байдалтай 00-ын өрөөнд сууж байдаг...” гэжээ.