УИХ-ын дарга Г.Занданшатарын эхлүүлсэн НӨАТ-ийн буцаан олголтын хувь хэмжээг 5 хувьд хүргэх санаачилга санхүүгийн эрхийг атгасан төрийн томчуудын эсэргүүцэлтэй тулсан бол эргээд санхүүгийн мэдлэгийг олсон санхүүгийн томчуудын дэмжлэгийг авсаар байна. Буцаан олголтын нэмэлтийг НӨАТ-аар мэргэшсэн эдийн засагч, татварын онолын томоохон төлөөлөгчийн нэг Б.Лхагважав дэмжсэн дараа нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Оюуны байр суурь олны анхаарлыг татлаа. Монголын эрдэм мэдлэгийн гол уурхайн эдийн засгийн ухааны том төлөөллийн үг нийгэмд ямагт жинтэй туссаар ирсэн. Тэрээр “... НӨАТ-ийн буцаан олголтыг 5 хувь болгож нэмэгдүүлснээр төсөв буурахгүй. Төр иргэдээс авсан мөнгөө буцаан өгч байгаа учраас төсвөөс нэмэлт хөрөнгө гөрөхгүй. Иймд Сангийн сайдын тайлбар буруу юм. Төсөвт НӨАТ-ын орлого гэж л бүртгэгдэж байгаа учраас нэмэлт эх үүсвэр шаардагдахгүй” гэсэн. Харин цагтаа Монголбанкыг удирдаж байсан Н.Золжаргалын байр суурь АН-ын угшилтай гэдгээрээ сонирхол татсан. Олон нийтийн зарим хэсэг түүнийг эсрэг үзэл бодолтой байна гэж хүлээсэн ч тэрээр “... НӨАТ бол эцсийн хэрэглэгч төлж буй татвар шүү дээ. Иргэд бүх цалингаас даатгал, татвар төлсний дараа үлдсэн мөнгөө дэлгүүр, худалдааны төвд дахин 10 хувийн НӨАТ төлдөг болоод удаж байна...” гээд “НӨАТ-ийурамшууллыг ялгаатай тогтоовол төсөвд алдагдал үүсэхгүй” хэмээн мэдэгдсэн.