ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэн, дэд дарга Б.Алтанцом нар нь тухайн үед ЗТХ-ийн сайд байсан Д.Ганбатын туслах Л.Отгонтуяад орон сууцны дэмжлэг нэрээр 20 сая төгрөг шилжүүлсэн хэрэгт холбогдсон. Тэр үед сайд нь ИНЕГ-ын даргыг дуудаж “... манай туслахын эгч нь нас барсан, эгчийнхээ хүүхдийг өөр дээрээ байлгадаг, хэцүү амьдралтай хүн байгаа юм. Энэ асуудалд тусламж, дэмжлэг байна уу ...” гэсэн гэнэ. Энэ нь орон сууцны дэмжлэг байсан гэнэ. ИНЕГ нь жил бүрд 1.4 тэрбум төгрөг төсөвлөөд нэг хүнд 22 сая төгрөгөөр тооцон 60 ажилтандаа орон сууцны дэмжлэг үзүүлж иржээ. Ингээд сайдын хүсэлтийг “судалж” үзэхээр Захиргаа удирдлагын гарын даргатайгаа зөвлөлдөхөд “сайдаас бичиг авчих” гэжээ. Дарга ч тэр бичгийг авчээ. Орон сууцны дэмжлэг үзүүлэхийг даргын зөвлөлийн хурлаар шийддэг. Харин дэд дарга Б.Алтанцомыг сайдын туслах эмэгтэйн нэрийг хуралд оруулж ирсэн гэж буруутгасан. Даргын зөвлөл нь 10 хүний брэлдэхүүнтэй гэнэ.
Уг хуралд суусан зөвлөлийн гишүүн “... газрын дарга жижиг цаас гаргаж ирээд “сайдаас бичиг ирсэн, сайдын туслах дүүгээ асардаг, улсад тэдэн жил ажилласан” гэж таницуулахад би “сайдаас өөрөөр нь тушаал гаргуулчих” гэсэн. Гэхдээ нэгэнт газрын дарга дэмжиж байгаа бол зөвлөлийн гишүүд дэмжихээс өөр аргагүй байдаг. Зөвлөлийн гишүүд зөвлөх л үүрэгтэй. Эцсийн шийдвэрийг зөвхөн дарга л гаргадаг. Дарга нэгэнт шийдсэн тул гэрээ нь байгуулагдаад мөнгө нь шилжсэн” гэжээ.
Харин сайд асан Д.Ганбат “... Би яаманд очоод Л.Отгонтуяаг туслахаараа авсан. Ийм бичиг байгаа бол би гарын үсэг зурж явуулж байсан. Орон сууцны талаар ИНЕГ-ын даргад амаар чиглэл өгч байсан асуудал байхгүй. Харин би 2017 оны 10-р сарын сүүлээр ажлаа өгөхийн өмнө өөрийн ажлын албаны хүмүүсээ энэ тэнд ажилд шилжүүлж оруулах гэж байхдаа Л.Бямбасүрэнд туслахынхаа талаар хандан зөвхөн миний энэ туслахыг гудамжинд гаргачхалгүй ажилтай болгоодох гэж л хэлж байсан. Гэтэл мэргэжлийн бус гээд аваагүй …” гэжээ.
Шүүх энэ хэргийг саяхан хэлэлцээд газрын дарга асанг 20 сая төгрөгөөр торгож харин дэд даргыг цагаатгасан байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.