Манайд ажлын үр дүн нь авдаг урамшуулалтайгаа зөрдөг газрууд зөндөө. Аймаг, дүүрэг бүрийн ИТХ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар комисс ажилладаг. Энэ комиссийнхон гэмт хэрэг өссөн ч авдаг урамшууллаа авсаар л ирсэн. Тэгвэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж гэж байдгийг олон нийт овоо мэддэг болсон. Хоёр жилийн өмнө НИТХ-ын 180-р тогтоолоор орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газраар байгуулагдсан. Нэгэнт орон нутгийн өмчит үйлдвэрийн газар тул ТУЗ-тэй байх нь мэдээж. Зөвлөлийн даргаа гишүүд цалин авах нь бас ойлгомжтой биз. Гэхдээ хотын гудамжин дахь түгжрэл буурах нь бүү хэл өсөж байгаа, “цавчаа ногоон” автобусын дуулианд Түгжрэлийн экс сайд холбогдоод байхад л жилийн өмнөөс нь урамшууллаа аваад эхэлжээ. Өнгөрсөн онд түгжрэлийг бууруулах нэгжийн ТУЗ-ийнхөн 74 сая төгрөгийн урамшуулал авсан байна. Бүр нэгжийнхээ цалингийн зардлаас суга татаад мөнгө гаргуулжээ. Энэ цалингийн зардлаас нь өөр байгууллагийн ажилтанд цалин олгосон гээд гайхмаар зүйл гарчээ. Тэгэхээр гадны байгууллагийн хүн ч гэсэн түгжрэлийн эсрэг ажилласан болж таарч байна. Тэгвэл түгжрэлийг бууруулахын төлөө машинаа уналгүй нийтийн тээврийн зорчиж байгаа жирийн иргэдэд ч гэсэн тэр илүүдээд байгаа цалингаасаа өгвөл таарна.