
Ийм нэгэн айхтар явдал болжээ. Хөгждөггүй Улаанбаатар хот хөгжлийн нэртэй олон газар, компанитай агаад нэг нь “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК юм. Компанийг үүсгэн байгуулагч бөгөөд өмчлөгч нь НИТХ. Анх 2015 онд шийдвэр гарган НИТХ-ын “мэргэн” шийдвэрээр батлагдсан олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хувийн хэвшил болон гадаад дотоодын хөрөнгийн зах зээлээс босгосон хөрөнгө болон хотын төсвөөс олгосон санхүүжилтийн эх үүсвэрээр хөгжлийн сан бүрдүүлэн төр хувийн хэвшлийн хамтарсан бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх гэсэн гоё үгтэй, гоё зорилттой. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-ийн дүрэмд зааснаар НИТХ-ын дарга нь ТУЗ-ийн дарга болдог аж. Ингээд Ж.Батбаясгалан одоо даргалж байна. ТУЗ нийтдээ есөн гишүүнтэй агаад цар тахлын хүнд үед компанийн орлого буурч байхад өөрсдөдөө баталсан 57 сая төгрөгийн төсвөө авсаар ирсэн. Үүнээс 40 сая нь ТУЗ-ийн дарга, гишүүдийн цалинд зарцуулагдсан байна. Гэтэл илүү цалин авах явдал гардаг байна. Өнгөрсөн онд ТУЗ-ийн гурван гишүүн чөлөөлөгдсөн ч илүү авсан 1.4 сая төгрөгөөсөө 608 мянгыг нь одоо болтол буцааж төлөөгүй гэнэ. Хэн гэдэг экс гишүүд мөнгөө төлөөгүйг ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан хамгаас илүү мэднэ дээ ...