alim.mn | 2024.12.24
Хан-Уул дүүргийн ИТХ-ын “гэмт хэргээс урьдчилан сэргиийлэгчид” Э.Батмөнх Б.Дуламсүрэн нарын есөн саяын гарын авлагын гэмт хэргээс ...

Аймаг, дүүргийн ИТХ-д гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл гэдэг мундаг зөвлөл байдаг. Тэгвэл энэ зөвлөлийнхөн гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл авч байхад гэмт хэргийг бууруулах тухай яриад яах билээ. Хан-Уул дүүргийн ИТХ-ын ажлын албаны ерөнхий нягтлан бодогч Б.Дуламсүрэн нь өөрийн нөхрийн кофе шопны үйл ажиллагаа явуулдаг “Хурд даян манд” компани луу “хууль сурталчилах зардал” нэрээр есөн сая төгрөг шилжүүлээд 8.1 саяыг буцаагаад авсан ажээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил гэхээр л Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийнхөн баахан шторк цацаж, гарын авлага тараадаг. Үүн дээр буюу нэг бүр нь гурван мянган төгрөгний үнэтэй гурван мянган ширхэг гарын авлага тараах “ажил”-д ерөнхий нягтлан “ажиллажээ”.  Харин Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Э.Батмөнх нь энэхүү “ажлыг” гүйцэтгэх гэрээг нь байгуулсан гэдгээрээ буруутжээ.  Гарын авлага хэвлүүлэх боломжийн компанийн “эрэлд” хатах үед нягтлангийн нөхөр нь кофе шопныхоо аяганы бүрээсийг урд хэвлүүлдэг тул хэвлээд өгөх “боломжтой”-д тооцогджээ. Ингээд гэрээ байгуулагдсан агаад салбар зөвлөлийн даргатан ерөнхий нягтлангийн нөхрийн компанитай гэрээлж байгаагаа огт “мэдээгүй” гэнэ.  Нийтдээ мянга гаруй ширхэг хэвлэгдэн ирж тараагджээ. Гарын авлага хүлээн авсан хорооны засаг дарга нарын гарын үсгийг дууриалган зурсан гэнэ. Энэ хэрэг дотроосоо илэрчээ. Ажилтнуудын анкетийг шалгах үед ерөнхий нягтлан нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг нөхрийнхөө компаний нэрийг бичээгүй байсан нь илэрчээ. Үүний дараа  нөхрийх нь компани луу ИТХ-аас мөнгө шилжигдсэн нь тодорхой болжээ. Ерөнхий нягтлангийн балансыг шалгахад нөхрийнхөө компани луу хийсэн 10 сая төгрөгийн гүйлгээг хасчихсан байсан нь илэрч сэжгийг улам бататгасан.  Үүний дараа нөгөө ажил гүйцэтгэх гэрээг нь нэхэхэд нуугаад үзүүлээгүй гэнэ. Мөн гарын авлагыг орлогоор хүлээж авсан баримт ч олдоогүй аж. Ийнхүү гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гарын авлагаар мөнгө идэх гэсэн гэмт хэргээс урьдчилан “сэргийлэгчдийн” хэрэг илэрсэн байна. Салбар зөвлөлийн дарга, ерөнхий нягтлан бодогч нарыг тус бүрийг нь зургаан сая төгрөгөөр торгож нийтийн албанд ажиллах эрхийг хассан ч одоо ч албаны сайтад нь нэр албан тушаал нь байсаар байна. Бодвол ажлаа хийж л байгаа биз ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ