
Хоёр жилийн өмнө “Эрдэнэс Баянбогд” хот өөрийн алтны компанитай боллоо гээж хөөрцөглөсөн. Хотын алтны компанийн дүрмийн сангийн 66 хувийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” эзэмшдэг тул нийслэлчүүдийх гэх нь зөв. Гэтэл энэ компани нийслэлчлүүдийх биш харин НИТХ-ын төлөөлөгчдийх нь болж хувирчээ. Бүр тодруулбал тэдний гадаад томилолтын зардлыг даагч болсон байна. Солонгосын Сөүл хотод тав хоног болсон “Смарт хот төлөвлөлт, дэд бүтцийн асуудлууд” форумд оролцсон НИТХ-ын 12 төлөөлөгчийн зардал болох 58.8 сая төгрөгийн зардлыг энэ компанийн данснаас голлох хувьцаа “эзэмшигч” нь татаад авчихжээ. Дөнгөж байгуулагдаж байгаа компаниас хагас зуун сая төгрөг татаад хуралд явж байгаа төлөөлөгчдийн нэрийг мэдэх юмсан. НИТХ-ынхан мянган удаа “смарт форум”-д яваад ч “смарт” болж чадахгүй. Ийнхүү энэ компанийг байгуулсан зорилго тодорхой болж байх шиг байна. Яамны сайд дарга нар харьяа салбарынхаа төрийн өмчит томхон компанийг дээрэлхээд замын зардал гаргуулан гадагшаа чөлөөтэй явдагийг хотын дарга нар ялангуяа төлөөлөгчид соргогоор “анзаарчээ”. Нөгөө талаар “ухаангүй ноёнд урагшгүй албат” гэгчийн үлгэр энд тохиож “Эрдэнэс Баянбогд” –ынхон хайгуулын ажлынхаа төлөвлөгөөгөө хугацаанд нь төрийн захиргааны байгууллагад хүргүүлээгүй гээд бас 10 сая төгрөгөөр торгуульсан байна. Ийнхүү “тэмээн дээр ямааны гарз” гэгчээр 58 саяа алдаад дээр нь 10 саяар торгуулжээ.