Монголын хоол үйлдвэрлэлийн салбарт хэдийн танигдан, олны талархлыг хүлээсэн "Silkroad" 20 жилийн ойгоо энэ сарын 30-нд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт тэмдэглэн өнгөрөөх гэж байна. 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концертоор дэлхийн болон Монголын хөгжмийн сод эрхмүүдийн бүтээлийг толилуулах юм.
Хүндэтгэлийн концертын эхний "Cinematic Scene" хэсэгт кино урлагийн сод бүтээлүүдийг эгшиглүүлнэ. Үүнд Жон Уйльямсын "Flying Theme” симфони найрал хөгжим, Марк Шаманы “Pitch Adams” киноны хөгжим, Жон Уйльямсын “Sabrina киноны хөгжим, Эннио Морриконений “Сайн Муу Хэрцгий” киноны хөгжим, Нино Ротагийн “Загалмайлсан Эцэг” киноны хөгжим, Эннио Морриконений “Love Circle” симфони найрал хөгжим, Эндрю Лойд Уэбберийн “The Phantom of Opera” мюзыклын хөгжимт дуу, “All Ask of You” дуэт, АЖ ТШ Б.Шаравын “Монгол Орон Бадартугай” симфони найрал хөгжмийн удиртгал багтжээ. Эхний хэсгийн бүтээлийг Б.Анар, Э.Хажидмаа, Л.Амармэнд, Д.Өлзий-Орших нарын чадварлаг уран бүтээлчид амилуулах юм.
Харин удаах сонгодог бүтээлийн "Classical Scene" хэсэгт Сергей Рахманиновын Төгөлдөр хуур, Симфони найрал хөгжмийн “2-р Концерт”-ыг соло төгөлдөр хуурч Константин Хачикиян тоглох болно.