УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэхийн бас нэгэн сайн талыг онцоллоо. Тэрээр "Өнөөдөр та бидний нүдэн дээр ил явагдаж байгаа зүйл бол НӨАТ-ын 10 хувийн наймаа юм. Өөрөөр хэлбэл бараа худалдан авахад НӨАТ-тэй авах уу, НӨАТ-гүй авах уу гэж асуудаг. НӨАТ-гүй авбал и-баримт өгөхгүйгээр борлуулж орлогоо нуудаг. Энэ явдал дэлгүүр дэлгүүр, зах, худалдааны төвүүдэд хаа сайгүй болж байна. Энэ бодит үйл явцыг нуухын аргагүй. Иргэд болон худалдааны байгууллагынхан хууль зөрчиж байгаагаа мэддэг ч хүмүүс хоёр хувийн буцаан олголт авсанаас НӨАТ-ын 10 хувийг төлөхгүй байхыг илүүд үзэж байна. Нийгэмд урхагшсан энэ буруу жишгийг үзсээр харсаар сууж засаж залруулахгүй байх нь УИХ-ын хувьд байж болшгүй зүйл. Ийм учраас НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх асуудлыг оруулж ирж байгаа юм. Хэдийгээр буцаан олголтыг нээгдүүлэх нь нэг талдаа төсөв дээр нэмэлт зардал гарах нь нөгөө талаасаа орлого эрс нэмэгдэхийг үгүйсгэж болохгүй" гэв.