
Саяхан олон нийтийн цахим сүлжээгээр цацагдсан "цавцаа ногоон" автобусын тухай дарга нарын бичлэгт бүгд тансаг хоол идэж байгаа нь харагдсан. Төрийн албаныхан ямар нэгэн уулзалт хурлыг хоолгүй юм гэхэд кофе, жигнэмэггүйгээр хийж чадахаа байсан. Хотын дүүргийн ИТХ-ын хурал гэхэд л хуралдааны үеэр нэг төлөөлөгч 30-35 мянган төгрөгний үнэтэй хоол авчруулж иднэ. Нэг ИТХ 30-35 төлөөлөгчтэй гэхэд ямар их зардал гарах нь тодорхой. Үүн дээр цай, кофе, жигнэмэг амттан нэмэгдэнэ. Ийм ямбалалт төрийн албаны бүх шатанд хавтгайрсан. Дээшлэх тусмаа улам л тансаглана. Үүнийг Соёлын яамнаас харж болно. Энэ яамны дэргэд Соёл урлагийн үндэсний зөвлөл гэж ажилладаг. Байсхийгээд л хуралдана. Хуралдах бүрдээ тансаг хоол авчруулж зооглоно. Яам ч хажуугаар нь элдэв хэлэлцүүлэг зөвлөгөөн олныг зохион байгуулна. Тэр бүрд тансаг хоол битүү ачсан катерингийн машин Соёлын яамны өмнө шавдаг гэнэ. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд Соёл урлагийн үндэсний зөвлөлийн хурал болон бусад хэлэлцүүлэгийн хоолонд нийтдээ 6,8 сая төгрөгийг зарцуулсан байна.