Авлигал өгөөд "ажил" нь бүтэхгүй болохоор хэргээ илчилсэн ч ял шийтгэлээс мултарч чадаагүй хэрэг гарчээ. Эрүүл мэндийн бизнесийн салбарт ажилладаг "Оски мед" компани нь Сүхбаатар дүүргийн ЭМТ-д хүчилтөрөгчийн аппарат байрлуулах тал дээр хамтран ажиллаж иржээ. Гэтэл эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирэх тусгай зөвшөөрлийх нь хугацаа дуусаж сунгуулах шаардлагатай болжээ. Компанийн хамтрагчид болох Болор-Эрдэнэ, Б.Батзориг нар арга чарга хайж эхэлжээ. Тухайн үед буюу 2021 онд ковидыг тархалт дэгдсэн нь байдлыг хүндрүүлжээ. "Этүгэн" зочид буудалд болсон уултын үеэр Батзоригийн танил О.Шижир нь "... ЭМЯ-нд таньдаг хүн байгаа, зөвшөөрлийг чинь сунгуулаад өгье" гэжээ. Эхлээд таван сая төгрөг нэхсэнд тэр дор нь шилжүүлжээ. Дараа нь ирээд Болор-Эрдэнээс компанийн бичиг баримтыг нь аваад явжээ. Удалгүй ахин мөнгө нэхэж гурван саяыг авчээ. Гэсэн ч таг болжээ. Цаг хугацаа ч нэлээд явжээ. ЭМЯ-ны хэн гэгчид мөнгө өгсөнийг нь удтал шалгааж ээрсэний эцэст Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Б.Долгорсүрэнд гэж хэлүүлж авчээ. Ингээд мөнгө авсан даргатай уулзах гэж бас жил гаруй болжээ. Утасдахаар авдаггүй, мессэжинд хариу өгдөггүй гэнэ. Уулзах гээд очихоор хамгаалалт нь оруулдаггүй аж. Сүүлдээ ЭМЯ-нд өмгөөлөгчөөр ажиллаж байсан Батбаатартай хамт орж байж уулзжээ. Хэлтсийн дарга эмэгтэй "... эхний хурлаар ороод дэмжигдсэн, дараагийн хурлаар ороод л шийдэгдэнэ" гэсэн чихэнд чимэгтэй үгээр баярлуулаад явжээ. Гэсэн ч зөвшөөрөл бас л гарсангүй. Мартын 8, цэргийн баяр болж, наадам ч өнгөрчээ. Ингээд ЭМЯ-ны гадаа сахиж хүлээж байгаад уулзахад "сайд солигдсон, удахгүй гарна" гэсээр бас хугацаа өнгөрчээ. Зөвшөөрөл сунгуулах гэсээр байтал компанийн үйл ажиллагаа ньзогсоход хүрч дээрч нь мөнгө байхгүй, компанийн бичиг баримт ч байхгүй болсон тул хамтрагчид муудалцаж эхэлжээ. Эцэст нь "шаварт унасан шарын эзэн" гэдгээрээ Б.Батзориг нь цагдаад өргөдөл гарган хэргээ илчилсэн. Гэсэн ч шүүх түүнийг гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн бус харин хахууль өгсөн хэрэг зорилго нь бүтэхгүй болмогц л хэргээ илчилсэн хэмээн үзэж 2,9 сая төгрөгөөр торгожээ. Хэлтсийн дарга эмэгтэйг 18 сая төгрөгөөр торгож нийтийн албанд ажиллах эрхийг зургааан жилээр хасжээ. Хахууль зуучилсан О.Шижирийг 2.9 сая төгрөгөөр торгосон байна.