Боловсролын ерөнхий газар өнгөрсөн онд төсвийн мөнгөөр тоглох болжээ. Үүнийг санхүүгийн хэллэгээр "төсвийг зохистой удирдаагүй" гэж хэлдэг. Төсвийг зохистой удирдах чадвар эсвэл хүсэл тэр үеийн удирдлагад нь байгаагүй аж. Үүний хамгийн том жишээ нь "Зардал гаргах тухай" А\399 тоот тушаал юм. Уг тушаалаар 163.5 сая төгрөгийг төсөл боловсруулахад зарцуулахаар болжээ. Гэхдээ энэхүү төсөл боловсруулах ажил нь худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй, төсвийн төсөлд ороогүй байжээ. Гэсэн ч тушаалын дагуу мөнгө зарцуулагдаж төсөл "боловсруулагдсан" гэнэ. Тэгвэл ийм ажил явагдсаныг батлах санхүүгийн анхан шатны баримтууд алга. Энэ ч мэдээж шахуу зүйл. Анхнаасаа төлөвлөгөө төсөвд тусгагдаагүй ажилд анхан шатны баримтууд яаж ч байх билээ ... Одоо энэ ажил ямар шатандаа явааг тэр үеийн дарга нар л мэдэх байх. Төсөл боловсруулах нь төсвийн байгууллагийн мөнгө "цохих" хуучны аргын нэг. Өндөр зардлаар баахан цаас бэлддэг. Эцэст нь тэр их цаас нэг даргых нь сейфэнд түгжигдээд мартагддаг. Ийм л "хувь тавилан"-г 163 сая төгрөгөөр бүтсэн төсөл боловсруулах ажил туулсан биз ...