Хууль зүйн сайд байсан Х.Нямбаатар Хотын дарга болсноос хойш нийслэл хөдөлгөөнд орлоо. Барилаа, хорилоо гэсэн мэдээ их гарах болов. Хотын дарга асан Ц.Батбаяр, Нийтийн тээврийн дарга асан Ц.Сайханбаяр хоёр саатуулагдлаа. Ц.Сайханбаяр Х.Нямбаатарыг төрийн албанд анх оруулсан хүн гэдэг ч шударга ёсны төлөө ачтанаа ч тоохгүй "ачуулсан" бололтой. Шударга хүн гэх үү дээ. “Ногоон” автобусны “но” илэрсэн шиг Улаанбаатарын Газрын мафи гарч ирэх нь. АТГ-аас Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ц.Тулга нарын 4 албан тушаалтныг 10 сарын 16-17-нд шилжих шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, баривчилсан. Тэднийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хахууль авсан гэх хэрэгт сэжиглэж, цагдан хорьсон юм. Нийслэлийн Ерөнхий архитектор Ц.Тулгыг сэмхэн суллажээ. Гадаадад Англи, Германд 10 гаруй жил сурч ажилласан Тулга шударгаар байцаалт өгч, нэлээд нарийн мэдээлэл задалсан сурагтай. Монголд хамгийн их авлига бугшсан газар бол Газрын алба гэдэг. Газрын албаны будлиан булхай, ямар дарга үүрэг тушаал өгснийг нэлээн сайн уудалжээ. Одоо “ногоон” автобусны хэрэг задарсан шиг Газрын мафийн асуудал дэлгэгдэж, нэрээн хүн хөлд нь чирэгдэх бололтой. Улаанбаатарын уудам газрыг өнцөг булан үлдээлгүй зарж наймаалцсан эзэд илрэх нь.