Бүтэн нэрээр нь Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлийг жүжигчин Ч.Ундрал тэргүүлдэг. Зөвлөл нь даргаа оруулаад 10 гишүүнтэй агаад 30-аас доошгүй хувь нь төрийнхөн, бусад нь ур бүтээлчид, киноныхон гэнэ Жилийн урамшуулал нь 81.6 сая төгрөг аж. Энэ нь сард 550 мянган төгрөг агаад зөвлөийн нийт гишүүд сардаа 4-5 сая төгрөгийг ийнхүү урамшуулал нэрээр хүртэж хувааж авч байна. Урамшууллыг хуралд оролцсон идэвхээр өгдөг бололтой юм. 5-р сард зарим гишүүн хоёр удаа, зарим нь таван удаа хуралд оролцжээ. Үүнээс харахад хоёр хуралд суусан гишүүн нь гурван хурлыг тасалсан болж таарч байна. Таван хуралд суусан гишүүнд 500 мянгыг өгсөнийг бодоход нэг хурал 100-гаар “үнэлэгддэг” юм шиг. Тэгвэл хоёр хуралд суусан гишүүд 200-г авмаар санагдах юм. Мөн сард хуралдах хурлын тоо, зөвлөлийн гишүүний оролцсон хурлын тоо нь тодорхойгүй. Үүнээс харахад зөвлөлийн хурал нь УИХ-ын чуулгантай адилхан “зарчмаар” явагддаг бололтой. УИХ-ын гишүүн хэдэн хурал тасалсан ч хамаагүй цалингаа бүтнээр нь авдаг. Зөвлөлийн даргын хувьд Ч.Ундрал жилийн 6.6 саяын урамшуулал авах аж. Орон тооны бус гишүүд урамшуулал хүртэх нь зүй ёсных ч 82 орчим сая төгрөг нь бүрэн хэмжээний УСК хийхэд бараг л хүрэх мөнгө гэнэ. Урамшуулал гэснээс Оскарын шагналт алдарт жүжигчин Энтони Хопкинс Калифорнийн урлагийн их сургуульд ердөө нэгхэн аяга кофений “урамшуулал”-аар хичээл заадаг гэсэн.