Нийслэлийн 84-р сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч СЛхагвадулам нь ухаалаг дэлгэцийн 66 сая, 40 саяын самбар нийлүүлэх гэрээг иргэн С.Б-гийн үүсгэн байгуулсан компанитай гэрээ байгуулсаны шанд 16.8 сая төгрөг авчээ. Тэрээр А3 сертификаттай хүмүүсийг цуглуулж тендерийн үнэлгээний хороог өөрөө “байгуулсан” гэнэ. 100 сая төгрөгт 35 ширхэг самбар, 25 ширхэг дэлгэц нийлүүлсэн компани нь татварт 500 сая төгрөгийн өртэй ч тендерт ялжээ. Учир нь овжин захирал тендер зарлахаас өмнө компанийн захиралтай 16.8 сая төгрөгийн “шан” авна гэдгээ урьдчилан тохирсон байжээ. Тендер шалгаруулж өнөөх компани ялсаны дараа захирал нь тохирсон мөнгөө авчирч өгчээ. Тэгэхэд С.Лхагвдулам захирал “...манай сургууль их хэл амтай байдаг юм. Юмыг яаж мэдэх вэ? Таныг дотоод хяналт шалгалт, хуулийн байгууллагаас дуудвал мөнгө авахдаа тэр мөнгөөр сургуулиа тохижуулна гэж хэлээд мөнгө авсан талаар хэлээрэй...” гэжээ. Гэсэн ч “хэл ам” гарч баригдсан байна. Шүүх хахууль авсан захирлыг 13, хахууль өгсөн компанийн захирлыг дөрвөн сая төгрөгөөр торгожээ.