alim.mn | 2024.12.23
Хилээр 440 орчим тооны мал хулгайгаар гаргасан Дорнодын контрбандчин Мөөмөө хочит унаж явсан машин, морио хураалгажээ

“Ацаг шүдний зөрөө” кинон дээр хятад данжаад Цахарын малын хулгайчдаар Монголоос мал хулгайлуулдаг тухай яриа гардаг. Тэгвэл өдгөө хятадууд өрөндөө хилээр монголчуудаар малыг хөлөөр нь бүр “ногоон гэрэл”-ээр гаргуулдаг болжээ. Үүнд манай хилийн хамгаалалт муу нь ч нэмэр болжээ.  Хилээр мал хулггайгаар гаргадаг Дорнодын “Мөөмөө” гэх А.Мөнхболдын удтал дуншсан хэргийг саяхан шүүх шийдвэрлэжээ.

Тэрээр 2017 оны 11-р сарын эхээр /10-12 өдрийн хооронд/ 98 орчим тооны хонийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болохыг мэдсээр байж 40 мянган юань буюу 14,4 сая төгрөгөөр 2018 оны 09 -р сарын эхээр 140 орчим тооны хонийг худалдан авч эх үүсвэрийг нь нуун далдалж өөрчилсөн,
2018 оны 09-р сарын эхээр 140 орчим тооны хонийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болохыг мэдсээр байж 30 мянган юань буюу 10,8 сая төгрөгөөр 2018 оны 10-р сарын эхээр 200 орчим тооны хонь, 6 тооны ямааг худалдан авч эх үүсвэрийг нь нуун далдалж, өөрчилсөн,
2018 оны 10-р сарын эхээр 200 орчим тооны хонь, ямааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болохыг мэдсээр байж 25,5 сая төгрөгөөр ахин 160 орчим тооны хонь худалдаж авч байгаад баригджээ.

Мөөмөө нь 2012 оноос эхлэн Далай гэх хятад иргэнээс мөнгө зээлж эхэлжээ. Гэсэн ч өрөө төлж чадахгүй болсонд зээлдэгч нь “зээлсэн мөнгөнийхөө оронд мал өгч чадах уу” гэснээр энэ “бизнес” эхэлжээ.  Эхлээд 98 хонийг хилээр гаргаж өрөндөө өгчээ. Дараа нь хятад зээлдэгч нь Бат-Эрдэнэ гэх жолоочоор бэлэн 40 мянган юань явуулсанд төгрөгөөр солиулаад нийтдээ 160 тооны хонь худалдаж авсан гэнэ. Хонио нэг сая төгрөгөөр тохирсон Алтанхуяг гэх жолоочийн шалаанзанд ачин хил рүү хөдөлжээ Шалаанзанд хүрэн халзан морио бас ачсан гэнэ. Эхнэрээ ч дагуулж явжээ. Хил орчмын Зуугийн ухаа гэх газарт хүрээд хонио буулгаж морио унан туун цаашаа ганцаараа явжээ. Энэ газарт айл нутагладаггүй гэнэ. Хилийн зааг дээр уулзах газрыг нь хятад түнш нь зааж өгчээ. Хонио туусаар тэр газарт очиход Далай хүлээж байсан. Хонио түүнд тушаагаад бэлнээр 30 мянган юаь аван буцаж  иржээ. Тэр мөнгөөрөө ахин хонь худалдаж аваад хил гаргажээ. Дөрөвдэх удаад мал худалдан авах мөнгийг Хичээлт гэх хятад иргэний монгол туслах Гэрэлцэцэгээс дансаар шилжүүлж авсан. Хичээлт Далай нар хамаатан болох нь сүүлдээ тодорхой болсон. Энэ хэргийг тагнуулынхан илрүүлжээ. Шүүхээс Мөөмөөг хоёр жилээр тэнсэж, хилээр мал гаргахдаа ашигласан портер машин, унаж явсан хүрэн халзан мориныг нь хурааж авсан байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ