Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын дарга Г.Занданшатарын эхлүүлсэн НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг таван хувьд хүргэж нэмэгдүүлэх саналыг хамгийн хүчтэй эсэргүүцсэн. Уг нь буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэхийг 100 мянга илүү буюү хөдөлмөрийн насны хүн амын 87 хувь нь дэмжсэн. Тэд 18-35 насныхан. Гэтэл сайдтан тэдэнд “үгүй” гэсэн. Тэгвэл өдгөө ахмадуудын тэтгэвэрийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхэд “за” гээд сууж байна. Хүн амын 12 хувийг эзэлдэг тэтгэвэрийнхэнд мөнгө өгөхийг эсэргүүцээгүй ч шалтгаант холбоо нь харагдахгүй байна. Шулуухан хэлэхэд тэрхүү нэмэгдлийн 100 мянгыг нөгөөх 87 хувиас л татаж 12 хувийнханд өгнө. Уг нь 87 хувийханаа дэмжвэл эдийн засгийн үр өгөөж нь төсөвд ч, иргэдэд ч цаашлаад улс орны эдийн засгийн эргэлтэнд ч илүү нэмэртэй. Үүнийг ойлгоход тийм ч хэцүү баймааргүй. 87 хувь нь хөл дээрээ баттай зогсоод ирвэл нийгмийн бусад хэсэгтээ өгөх зүйл нэмэгдэнэ. Тэр үед 100 бус 200-г ч өгч болно. Төрийн мөнгөн сан ийм хоёр нүүртэй байж болохгүй. Мөнгө барьж байгаа сайд санхүүгийн эрх ашиг, үр өгөөжөө эхэнд тавих учиртай. Үүнд нас намба, хөгшин залуугийн ялгаварлал байж болохгүй.