alim.mn | 2024.12.23
99 саяын тендер буюу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газрын үнэ мэддэг ганц ч ажилтан байхгүй гэнэ үү ...

Ийм нэгэн сонин тендерийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр Нийслэлийн газар зохион байгуулалтын алба зарлажээ. Тэд 99 сая төгрөгөөр хотын хэмжээнд газрын зах зээлийн үнийн мэдээлэл цуглуулуулах гэнэ. Газар зохион байгуулалтын албаныхан газрын үнэ мэдэхгүй гэхээр ХХААХҮЯ-ныхан махны үнэ, ЭХЯ-ынхан цахилгааны үнэ бас мэддэггүй юм болов уу гэсэн эргэлзээ өөрийн эрхгүй төрж байна. Уг нь энэ газрынхан дарга цэрэггүй газрыг мэддэг, чаддаг гээд газрын албанд ажилд орсон байлтай.  Гэтэл тэдний дунд газрын үнэ ханш гадарладаг ганц ч ажилтан  байхгүй болж таарч байна.  Газар зохион байгуулалтын албаны өдөр тутмын ажилд газрын үнэ ханшний мэдээ мэдээлэл хэрэглэдэг байж таарна. Үнэ ханшний судалгааны бүхэл бүтэн архив баймаар санагдах юм. Үнэхээр үнэ ханшаа мэддэггүй юм бол өмнө нь ажлаа яаж хийж байсан юм бол доо ... Мэдэхгүй бол газрын үнийг гаргууд сайн мэддэгээрээ том “амжилтанд” хүрсэн УИХ-ын экс гишүүн “Мон-Уран”-ы Б.Наранхүүгээс ичихгүй асуух хэрэгтэй. Ер нь сүүлийн үед төрийн албаныхан хийх ёстой үүрэгт ажил дээрээ тендер зарладаг, тэрэнд нь дарга нарых нь хамаарал бүхий компаниуд ялдаг жишиг тогтжээ.  Нэг жишээ дурдахад “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ нь өөрийн хариуцсан үүрэг болох талбайн цэвэрлэгээний ажлыг өөр гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхээр 69 сая төгрөгийн өртөгтэй тендер зарлаж бөөн хэл ам болж байсан.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ