“Гэнэн итгэмтгий” бидний “үздэг хардаг” хүмүүсд залилуулах аян үргэлжилсээр байна. Өмнө нь хэдэнтээ ял шийтгүүлж байсан Ц.Наранцэцэг нь үргэлжилсэн үйлдлээр өөрийгөө үзэж хардаг хүн хэмээн итгүүлж долоон хохирогчийн 50 гаруй сая төгрөгийг залилан авчээ. Түүнд хамгийн итгэл үнэмшилтэйгээр хууртагдсан хохирогч нь дэлгүүрийн эзэн Ц.Н гэдэг эмэгтэй аж. “Үздэг хардаг” эгч түүний сүсэг бишрэлийг далимдуулан “үсэнд чинь бузар шингэж хийморь сүлд чинь доройтжээ” хэмээн өөрөө хусаж өгчээ. Улмаар орлогын үүдийг нээж гарзын үүдийг хааж өгч засал хийнэ хэмээн мөнгө, эд бараагаар нийт 21 сая төгрөгийн хохирол учруулжээ. Түүнээс гадна Хэнтийн малчин Ф.Д-г “танай аав чинь тэнгэрээс орж ирээд миний охидод тусал гэж байна” хэмээн зад залилжээ.
Хохирогч “ ... Одоо хонь мал чинь хавар болохоор сүйрч харлах гээд байна, би бөө хүн байгаа юм гэсэн. Тэгээд засал номоо хийлгэхэд 1.000.000 төгрөг хэрэгтэй, мөн адууны болон хонь ямааны мах хэрэгтэй гэсэн. Махаар өргөл барьц барих хэрэгтэй, мөн алт монетон эдлэлээр та нарт хамгаалалт хийх бөгөөд надад өгсөн мөнгөнөөс нэг ч үлдэхгүй бүгд та нарт үлдэнэ гэж хэлсэн. Итгээд эхлээд 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Нараа нь хэлэхдээ “танай охинд тусгайлан хамгаалалт хийхгүй бол болохгүй байна, засал хийнэ сая явуулсан мөнгө чинь хаана ч хүрэхгүй байна дахин мөнгө явуул” гэхээр нь 130.000 төгрөг мөн шилжүүлсэн. Дүүгээ хот руу явахаар нь бүтэн хонины болон 1 бүтэн ямааны мах, 28 килограмм адууны мах, 5 литр нэрмэл архи явуулсан. Өөрийн хуримын хос монетон бөгж /500.000 төгрөгийн үнэтэй/-ийг явуулсан. “Малын бурхан бүтээнэ, Гүнгэрваа хийнэ” гэхээр нь 300.000 төгрөг өгсөн. Ахиад 1 бүтэн хонины мах, 5 литр нэрмэл архи явуулсан. Цагаан сараар 1 бүтэн хонины мах, 10 литр нэрмэл архи өгсөн. Ахин юм нэхэхээр нь нөхрийн эмээлийн 4 ширхэг мөнгөн бааврыг авчирч өгсөн ...” гэжээ.
“Үздэг хардаг” эмэгтэй гадуур явахдаа дандаа маск зүүдэг байжээ. Шүүх түүнийг гурван жилээр хорих ялаар шийтгэжээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.