
Наадмын дараахан Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Увс аймагт хийгдэж байгаа ажлын явцтай Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Ч.Хүрэлбаатарын баг танилцахаар сайдынхаа төрөлх нутагт “ажиллажээ”. Улсын хөрөнгө оруулалтаар олон аймагт ажил хийгдэж байгаа ч тэдний дундаас ганцхан Увс л сайдын санаа сэтгэлийг “чилээж” ийнхүү дарга сайд нар амардаг наадмын дараах өдрүүдэд нутгийн зүг хөлгийн жолоог залжээ. Сангийн сайд байхын л улсын төсвийн олигтой өөдтөйг ойрад удмынхандаа хамдаг хэмээн шүүмжлүүлдэг сайдтан уг нь нутагтаа хийгдэж байгаа ажлуудыг гарын таван хуруу шиг мэдэж баймаар юм. Ихэнхи нь өөрийг нь Сангийн сайд байхад эхлүүлсэн, хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн байх учиртай. Гэхдээ л сонгууль ойртож байгаагийн хувьд газар дээр нь очиж харахаар шийдсэн аж. Тийм ч учраас Өмнөговьд биш, Дорнодод ч харин Увсын “асуудал” л сайдад хамгийн амин чухал байсан биз. Үүндээ томилолтын зардлыг харамгүй гаргасан нь 20 гэдэг тооноос харагдана. Хэрвээ Увсдаа гаргасан сэтгэлээ бусад аймгуудад гаргаад нэг аймагт дээрхи төсвөөр 21 аймагт “ажиллах” юм бол сайдын томилолтын зардал талийж өгөх юм байна. Иймд үлдсэн 20 аймаг руу Ч.Хүрэлбааатарыг явуулах хэрэггүй. Тэгээд ч нутаг нь биш болохоор нэг их санаа нь “чилэхгүй” биз ... Тэгээд ч олон жил Сангийн сайд хийсэн ч төсөв мөнгө хэмнэх сэтгэл суугаагүй байна.

