alim.mn | 2025.04.19
Хятад иргэнийг согтоон өвөрт нь хүүхэн “оруулаад” хүчиндсэн хэмээн дарамталж 100 сая төгрөг нэхсэн ХЭРГЭЭС ...

Одоогоос гурван жилийн өмнө гарсан энэ хэрэг одоо болтол "дуншсаар" байна. Цагдаагийн экс албан хаагч энэ хэрэгт оролцсонтой холбоотой ч байж болох юм. 100 айлд чулууны наймаа хийдэг Жан Хуй \Zhang Hui\-г “Альфа” зочид буудлын 602 тоот өрөөнд С.Н-тэй бэлгийн харьцаанд орох нөхцөлийг бүрдүүлж зохиомол байдлыг бий болгон хүчиндсэн хэмээн айлган сүрдүүлж заналхийлэн 100 сая төгрөг нэхэн улмаар хоёр сая төгрөгийг өөрийн дансаар авсан Ж.Гэрэлтхуяг нь энэ хэргийн санаачилагч гэж тогтоогдсон. Түүнтэй хамт Ц.Доржсүрэн, Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ нар “ажиллажээ”.  Харин Экологийн цагдаад ажиллаж байсан Г.Очирпүрэв нь хятад иргэний монгол танилыг “цаадуулдаа мөнгө өгөөд сал, тэгэхгүй бол наад хятад чинь ял авна” хэмээн ятгаж үүнийхээ хариуд зурагт авч өгөхийг шаардсан хэрэгт шалгагдсан. Ж.Гэрэлтхуяг нь хятад иргэнээс их хэмжээний чулуун хавтан худалдан авахаар болж танилцан улмаар хоолонд урьжээ. Хоолонд хоёр хүүхэнтэй хамт ирж танилцуулжээ. Тэд хооллоод дараа нь зочид буудалд орж уужээ. Хятад залуу тасраад сэрэхэд хэрэг явдал болоод өнгөрсөн агаад хүүхэнтэй хамт хэвтэж байжээ. Энэ үед хаалга хэмх цохин хүүхний “ах” орж ирэн “миний дүүг хүчиндсэн” хэмээн бөөн шуугиан дэгдээсэн байна. Араас нь Гэрэлтхуяг орж ирэн “ахыг” авч гараад хоёр сая төгрөгөөр хэргийг “аргалахаар” болж газар дээр нь мөнгө шилжүүлж авчээ. Гэсэн ч маргааш нь утасдаад “хүүхний ах 100 сая төгрөг нэхэж байна” гэжээ. Өдөр нь хятад залуугийн ажил дээр өнөөх “ах” ирэн "мөнгө өгөхгүй бол цагдаад өгнө" гэж айлгажээ. Бүр гавтай ирсэн тул хятад залуу үхтлээ айж монгол танилууд руугаа залгасан.  Дарамт ч эхэлж цагдаагийн ажилтан гарч иржээ.

Тэрээр хятад залуугийн талынханд “...та нар тохирсон нь дээр, энэ хүмүүс бас хутга шөвөгний хэрэгтэй хэцүү хүмүүс байна. Наад хятад чинь ч гэсэн өмнө нь шийтгүүлж байсан нөхөр тул давтан гээд ял эдлэх асуудал яригдана. Байгаа мөнгөө өгөөд сал...” гэжээ.

Ингээд "наймаалцаж" эхэлжээ. Хятадын талынхан “гомдолгүй гэсэн бичиг авчирвал 100 мянган юань өгье" хэмээн хүүхний талынханыг баярлуулан гомдоожээ. Тэд яаран сандран бичиг авчиртал өгсөнгүй. Ахин маргаан дэгдсээр өнөөх 100 сая нь 40 болжээ. Эцэстээ 12 саяар тохироход хятадын талынхан “байгаа нь энэ” гээд найман саяыг өгөөд бүгд утсаа унтраан бултжээ. Ийнхүү хүүхний талынхан дөрвөн сая төгрөгөө “муриулсан”.

Мөрдөн байцаалтанд эмэгтэй нь “... тэд мөнгөний ажил байна, нэг хужаатай архи, дарс шоудаад, дараа нь чамайг хүчиндсэн гэж хэлээд мөнгө авна гэсэн ...” хэмээн мэдүүлжээ. 

Хүүхний талынхан алтан эдлэл ломбарданд тавьж байж 100 саяын “ажиллагаа”-ны зардал болох хоол архи, зочид буудлын мөнгөө босгосон гэнэ.  Өнөөх найман саяас хүүхэнд нэг саяыг, Хурц-Эрдэнэд 1.5 сая, Бат-Эрдэнэд 500 мянгыг гэх мтээр хувааж авчээ. Мөн гурван сая төгрөгийн өрөө даржээ. Эхний авсан хоёр сая төгрөгийг ууж идээд дуусгажээ. Хүүхний талынхан үнэхээр өмнө нь хэдэнтээ ял шийтгүүлж байсан, "хутга шөвөгний" хэрэгтэй хүмүүс байсан тул хятадын талынхан эхэндээ айж бэргэсэн. Гэсэн ч сүүлдээ зориг орж цагдаад хандсанаар хэрэг илэрчээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ