alim.mn | 2025.04.19
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд “алтан үе”-дээ 567 сая төгрөгийн цалин илүү авчээ

Үүнийг уншсан “Оюутолгой” компанийн ТУЗ-ийнхан атааархах нь аргагүй биз. Бид “титэм үг” Н.Багабандиар төлөөлүүлэн энэ компанийн ТУЗ-ийн гишүүдийг хамгийн өндөр цалинтай гэж боддог байлаа. Гэтэл тэр нь эргэлзээтэй аж. “Эрдэнэс-Тавантолгой”-н ТУЗ нь тэдэнтэй өргөн хүрээнд өрсөлдөж чадахаар өндөр цалинтай явж иржээ. Тэр “алтан үе” нь 2018-2021 он гэнэ. Уг нь Засгийн газрын 2016 онын “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам” гэж байдаг ухаантай. Уг журамд ТУЗ-ийн гишүүдэд олгох цалингийн түвшинг тогоож өгсөн.  Тэгвэл “Эрдэнэс-Тавантолгой”-н ТУЗ энэ журмыг гурван жил уландаа гишгэж иржээ.  2018 онд уг журмаар ТУЗ-ийн гишүүд нийт 52 сая төгрөгийн цалин авах ёстой байсан ч 169 саяыг авчээ. Дараа онд нь 78 саяыг авахын оронд 232 саяыг авсан байна. “Алтан үе”-ийн сүүлийн жилд буюу 2021 онд 100 саяын оронд бүр 240 сая төгрөгийг хувааж авчээ. Ингээд нийтдээ 567 сая төгрөгийн илүү цалин авсан нь тогтоогдсон.  Эцэст нь буюу өнгөрсөн онд л арга буюу буруу харж уйлж зөв харж инээж байж цалингаа  өнөөх журмын жишигт нийцүүлэн бууруулсан байна.  Одоо “азгүй” үеийнхан “алтан үе”-ийнхэндээ атаархан суугаа биз ... Энэ компанийн ТУЗ-д орох гэж “алаан” болдог байсны шалтгаан ийнхүү тодорчээ. Одоо тэрхүү хагас тэрбум төгрөгийг буцаан авах аргагүй. Яагаад гэвэл үе үеийн ЗГХЭГ-ын  орлогч дарга, хэлтсийн дарга  нар, Сангийн яам, ЗТХЯ, УУХҮЯ, ТӨБЗГ зэрэг яамд, газрын ТНБД, газрын дарга нар ТУЗ-ийн гишүүд байсан учраас тэр гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ