Манайд “хөрөнгө оруулагч” хятадууд хамгийн түрүүнд цагдаагийханыг халаасандаа хийх гэдэг. Халаасанд нь орсон нь ч бий. Тэгвэл “халаасан”-д ордоггүй цагдаа бас бий. Багахангай дүүрэгт байрлах төмөр хайлуулах үйлдвэр нь Хятадын хөрөнгө оруулалттай “Синвоюань” компанийх аж. Гүйцэтгэх захирал нь хятад иргэн. Өнгөрсөн намар “Бодис-2023” нэгдсэн арга хэмжээний үеэр хуулийн байгууллагаас уг үйлдвэрийг шалгаж нэлээд зөрчил илэрч улмаар хаагдах асуудал яригджээ. Шалгалтын дараа гүйцэтгэх захирлыг цагдаад дуудсан байна. Тэрээр орчуулагтайгаа очсон агаад замдаа “... үйлдвэр, лабораторийг хаалгамааргүй байна, олон хүн ажилгүй болно...” гэх мэтээр “зовлон” тоочжээ. Багахангай дүүргийн цагдаагийн хэлстийн 107-р өрөөнд орж шалгалт хийсэн цагдаагийн хурандаатай уулзжээ. Хурандаа түүнийг маргааш хот орж Экологийн цагдаагийн газарт очихыг хэлжээ. Үүнийг сонссон хятад захирал орчуулагчаа “чи орчуулж чадахгүй байна, гарч бай, би өөрөө учраа олно” гэжээ. Монгол хэл мэдэхгүй хятад мөнгөний “хэл”-ээр ярихаар шийдсэн байжээ. Тэрээр орчуулагчаа гармагц боодолтой мөнгө гарган шууд хурандаагийн зүүн халаасанд хийсэн байна. Монголын цагдааг доромжилж байна гэж үзсэн хурандаа жижүүрээ дуудсанаар хахууль өгөхийг завдсан хэргийг баримтжуулж авчээ. Боодолтой мөнгө нь бэлэн хоёр сая төгрөг байжээ. Орчуулагч нь хахууль өгөх гэж байгааг мэдээгүй гэнэ. Шүүх хахуульд өгөх гэсэн хоёр саяыг хурааж мөнгөний “хэл”-ээр ярьдаг хятадыг гурван сая төгрөгөөр торгожээ.