Бөөрөлжүүтийн УЦС барих 120 сая долларыг “Голомт”-ын Баясгалан хаанаас босгов?
Арай “нүүрсний” мөнгө биш биз...
Ард иргэд УИХ-ын гишүүд, улстөрчдөө авлигач хулгайчаар нь дуудан нүд рүү нь хуруугаа хийх шахам ад үзнэ. Ард нь чимээгүй асар их мөнгөний эзэд нуугдан байх нь бий. Эдний нэг бол Голомтын Баясгалан юм. Нүүрсний хулгай, төмөр зам, банк гээд дарга нар ээлж халаагүй нүдэлдэж, нэгийгээ шонд өлгөж шоронд хатааж байна.
Гэтэл нэг км-ийг нь 1 сая доллароор барьдаг төмөр замыг 3 сая доллароор бариулсан компанийн эздийн нэг Голомтын Баясгаланг дурсах хүн байдаггүй. Нүүрстэй ч холбоотой гэх. Уг нь асуух учигны үзүүр мөн биз. Мөн ерээд Сэргээн босголт банк яагаад “Голомт”-ын өвөрт орж дампуурч дууссаныг дурсах хүнгүй болжээ. Ухвал “хошууны бузрыг уудалбал далай далай” гэдэг болно биз ээ.
Одоо Бөөрөлжүүтийн цахилгаан станц гэж “мөнгөний мангас” байна. Мөн л “Голомт”-ын Баясгалантай холбогджээ.
Монголын талын хөрөнгө оруулагч нь “Бодь интернэйшнл”. Бөөрөлжүүтийн цахилгаан станц 580 сая ам.долларын өртөгтэй гэнэ. Үүнээс Бодь интернейшнл 120 сая долларыг нь гаргана гэх. Долларын саятан бол энэ бөмбөрцөгт тасархай баян. Тэр тусмаа монгол хүн 120 сая доллар гаргана гэдэг харганын ноос түүж эсгий хийхээс хэцүү. Энэ 120 сая долларыг “Бодь интернейшнл”-ийн Баясгалан хаанаас олж оруулах вэ? Арай нөгөө нүүрсний мөнгө ийшээ орсон юм биш биз дээ.