Төрийн өмчит компаниуд хувийн хэвшлийнхэнд байнга “чадуулдаг” болоод удаж байна. Энэ нь төр муу менежер гэдгийн нэг баталгаа хэмээн ярьдаг. Өөртөө ямар ч ашиггүй, нөгөө талдаа ашигтай гэрээ хийнэ. Тэр гэрээндээ унана. Эсвэл мөнгөө алдана. Үүний нэг жишээ нь нүүрсний хулгайн үүр болсон “Эрдэнэс-Тавантолгой”-гоос харж болно. Тус компани 2019 онд IPO гаргахтай холбоотой “Байгааль орчин, нийгэм, эдийн засгийн үнэлгээний тайлан” боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээг “Экологийн бүтээмж” компанитай 2.3 тэрбум төгрөгөөр байгуулжээ. Энэ маш чухал ажил байсан. Тайланг олон улсын санхүүгийн гүйцэтгэлийн стандартад нийцүүлэн хийснээр компанид гадаадаас шаардлагатай санхүүжилт босгох боломжийг нээж өгөх байсан. Гэсэн ч өндөр өртөгтэй хийлгэсэн тайлан нь гарчигнаасаа эхлээд л бөөн алдаатай хийгджээ. Англи хувь нь “Байгаль орчны нийгмийн нөлөөллийн үнэлгээ-Environmental and social impact assessment” бол монгол хувь “Байгаль орчин, нийгэм-эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ” гээд шал өөр утгатай болжээ. Хамгийн чухал англи хувь нь агуулгын товьёог байхгүй, хуудас дугаарлалт алдаатайгаас гадна дүрслэлийн мэдээллийн гарчиг нь монголоор бичигдсэн гэнэ. Мэргэжилийнхэн доорхи алдааг гаргаж тавьжээ. Үүнд :
✓ Төслийн бүрэлдэхүүн хэсэг, хүлэмжийн хийн ялгаралтыг техник, технологийн талаас
тодорхойлж, тоогоор илэрхийлэх;
✓ Төслийн үйл ажиллагаанаас байгаль орчин болон нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг, сөрөг нөлөөллүүдийг матрицын болон магадлан жагсаах аргаар олж тогтоох, тэдгээрийн харилцан үйлчлэлд дүн шинжилгээ хийж эрэмбэлэх;
✓ Орон нутгийн ард иргэд болон төсөлд ажиллагсдын эрүүл, мэнд, аюулгүй байдалд эрсдэлийн үнэлгээ хийх, аюулгүй ажиллагааг хангахын тулд нөлөөллийг бууруулах арга хэмжээ боловсруулах;
✓ Төслийн хөгжлийн явцад орон нутгийн иргэд болон бусад оролцогч талуудын арга зам, хэлбэрийг тодорхойлох;
✓ Төслийн эрчим хүчний хэрэглээг тооцох;
✓ Аюултай хог хаягдлын тооцоолол хийх;
✓ Ханган нийлүүлэлттэй (шатах тослох материал) холбоотой байгаль орчны эрсдэлийн үнэлгээ хийх зэрэг ажлуудыг гүйцэтгээгүй байна
Ийнхүү 2.3 тэрбум төгрөг нь үргүй зардал болжээ. Түүнээс гадна мөн онд “Уурхайн хаалтын менежмент, нөхөн сэргээлтийн нарийвчилсан зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх нэрээр “”Евро-Хан” компанитай “Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн сан үүсгэх” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулжээ. Гэрээний нийт өртөг нь 799 сая төгрөг агаад 239 саяын урьдчилгааг шууд өгчээ. Гэсэн ч уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн төлөвлөгөө ч үгүй, мөнгө ч үгүй хоцорсон. Тийн атлаа мөнгөө буцааж аваагүй гэнэ. Ийнхүү төрийн өмчит компани хувийн хэвшилд байнга “чадуулж” ирсэнийг мангар биш харин ч “ухаалаг” хэрэг гэж сэжиглэх хардлага төрж байна. Мөнгө нь төрийн өмчит компаний удирдлагаас биш харин төрөөс гарсан. Тэр мөнгө хувийн өмчит компанид орсон агаад тэрнээсээ эргээд төрийн өмчит компанийн удирдлагын халаасанд орсон байхыг үгүйсгэхгүй юм. Хуулийнхан энэ сэжиглэлээр шалгаад эхэлсэн байна.