Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газрын тайланг УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр сонслоо.
Тус чиглэлийн төмөр замын ажлын бодит гүйцэтгэлээс 16 сая ам.доллар, 56.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг илүү олгосон байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих ажилд 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 804.7 сая ам.доллар буюу 2.7 их наяд төгрөгийг зарцуулжээ.
Мөн Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын хилийн холболтын цэгийг эцэслэн тогтоогоогүй байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад хийсэн гүйцэтгэлийн аудитаар 860.1 тэрбум төгрөгийн 29 зөрчил илэрчээ. 651 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоожээ.
Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дотоодын хөрөнгө оруулалтаар амжилттай хэрэгжүүлсэн ч зарим үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт дутмаг, нууцын зэрэглэлд хамаарч байсан шалтгаанаар холбогдох хууль зөрчиж, үргүй зардал гаргасан байна. Энэ нь залилангийн эрсдэл өндөр байх магадлалтай гэдгийг аудитын байгууллага онцлов.