"Петровис" компанийн үүсгэн байгуулагч Ч.Даваанямыг өнгөрсөн өвөл АТГ-аас сүр дуулиан болон баривчилсан ч удалгүй сулласан билээ. Оффшорт данстай эрхмүүдийн нэрсэд Ч.Даваанямын нэр багтсан. Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс мөнгөө оруулж ирэх хугацаатай уриалгыг сонгогдсоныхоо дараахан гаргасан. Тухайн үед Ерөнхийлөгчийн заасан хугацаанд оффшор бүсээс 4.3 сая ам.долларыг оруулсан ганц хүн нь Ч.Давааням байсан юм. Монголын нууцлаг бизнесмэнүүдийн нэг нь Ч.Давааням. НИК-ийн хувьцаа эзэмшигч, ТУЗ-ын даргаар ажиллаж явсан Ч.Давааням Америкт авсан хаус, оффшор данстай гэдгээрээ 2012 оноос олонд танигдаж эхэлсэн юм.
Тухайлбал, 2010 оны 02 сарын 09-нд С.Баярын залуу эхнэр Э.Сувд Ч.Давааням, эхнэр C.Шагдардулам нар хамтран С.Баярын амьдарч байсан байшинг 1 сая 290 мянган доллараар худалдан авчээ. Үүнээс хоёр жилийн дараа 2012 оны 12 дугаар сарын 26-нд Э.Сувд “Gundel” нэртэй ХХК Вашингтон мужид бүртгүүлсэн байна. Ингээд 2013 оны нэгдүгээр сарын 10-нд Э.Сувд, Ч.Давааням, C.Шагдардулам нар байшингaa Gundel ХХК-д бэлэглэжээ. Ингээд гурван сарын дараа Gundel ХХК болон байшингаа 1,488,000 долларaap зарсан байна. Мөн 2011 онд Ч.Давааням нэг сая доллараар худалдаж авсан Сиэтл хотод байх 322 кв.метр талбай бүхий таван унтлагын өрөөтэй байшинг С.Баярын экс эхнэр O.Гэрэлтуяад бэлэглэжээ.
Үүнээс гадна 2009 оны нэгдүгээр сарын 20-нд Ч.Давааням Сиэтл хотод 101 кв.метр хоёр унтлагын өрөөтэй орон сууцны байрыг 406 мянган долларaap худалдаж аваад 2013 оны нэгдүгээр сарын 10-нд С.Баярын залуухан эхнэр Э.Сувдын бүртгүүлсэн Вода компанид бэлэглэсэн байна. Энэ мэтээр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын тансаг хаусны наймаа олон байдаг.
Ингэхэд Ч.Давааням гэж хэн бэ?
Ч.Давааням нь 1996 онд Т.Энхжаргал болон Ж.Оюунгэрэл нарын хамт “Петровис” компанийг үүсгэн байгуулсан хүн. Анх Ш.Отгонбилэг агсан Ж.Оюунгэрэл, Ч.Даваанямтай танилцуулж, бизнест холбож өгсөн байна. Ингээд тэдний бизнес эхэлж, амжилтанд хүрсэн түүхтэй. Тухайн үед Ч.Давааням найз Т.Энхжаргалтайгаа нийлэн наймаа хийж, хөлөө олсон бизнесмэн байжээ. Ч.Давааням хожим “Стар” телевиз, “Хийморь” кабелийн телевизийг үүсгэн байгуулсан бөгөөд “Петровис”-оос хувьцаа эзэмшдэг байна. “Петровис”-ын захирал Д.Энхчимэг түүний том охин. Тиймдээ ч тэрбээр өөрийн охиндоо шатахууны бизнесээ залгамжлуулан үлдээсэн нь энэ.