Өнөөдөр эхлэх учиртай нүүрсний сонсгол ирэх сарын эхэн хүртэл хойшлогдлоо. ХЗДХ-ийн сайд ахалж зохион байгуулах энэ сонсголыг олон нийт тэсэн ядан хүлээж байна. Сонсголоор олон ч “сонирхолтой” хүмүүсийн гэгээн дүрийг харна хэмээн найдаж сууна. Гэхдээ энэ сонсгол өдгөө хоригдоод нэг жил болж байгаа экс захирал Б.Ганхуяггүйгээр явагдвал жинхэнэ дүр эсгэсэн шоу болоод өнгөрнө. Тэрээр өөртэй нь холбоотой шүүх хурлууд дээр бүхнийг ярихаа олонтоо амласан. Магадгүй сонсголыг хойшлуулсан нь түүний амыг үдэх гэсэн заль мэх байж болох юм. Хэрвээ ирэх сонсголд Б.Ганхуяг оролцсон ч “би цаг нь ирэхээр хэлнэ” гэвэл олон хүмүүсийн аврал тэр болно. Тэгвэл бид олон улстөрчийн нэрс, тэдний хамаарал бүхий компаниуд, гардан гүйцэтгэгчид, холбоо сүлбээ бүхий бүлэглэлийг илрүүлж чадахгүйд хүрнэ. Бүтэн жил хагас шахуу хуулийнхан мөрдөж шалгаж нэгжиж байцаасаар одоогоор УИХ-ын гишүүн асан Б.Аюурсайхан, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг хоёртой л сууж байдаг. Энэ цөөхөн хүмүүсийн шүүх хурал олонтоо хойшилсоор өнөөдрийг хүрлээ. Саарал ордноос ердөө ганцхан гишүүнийг чирч гаргасанд олон нийт голж байгаа. Нүүрсний хулгайн цар хүрээ хэмжээгээр бодоход нэг биш нэлээд арван гишүүн, сайд, дарга чирэгдэх учиртай. Ийнхүү өнөөдөр болор учиртай нүүрсний сонсгол хойшлосон. Ирэх сард болоход нь Б.Ганхуягийг оролцуулахгүй, оролцсон ч “би цаг нь болохоор хэлнэ” гээд сууж байвал дараагийн жагсаалыг өдөөнө шүү ...