Саяхан ҮХЦ-ийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж бүрэн эрхийн хугацаа нь дууссан Н.Чинбат, Д.Одбаяр нарыг чөлөөлсөн. Шинээр сонгогдсон гурван гишүүнд “сонордуулахад” гадаадад их явуулдаг газар шүү. Цэцийнхэн 3-р сараас 10-р сар хүртэл буюу хаваржин зунжин нийтдээ 212 сая төгрөгөөр гадаадад томилогдоод ажиллаад иржээ. Үүнд 3-р сард 51.9 сая төгрөгийг гадаад томилолтонд зарцуулсан бол 4-р сард 43.8 саяыг үржээ. 5-р сард хөл нь хоригдож 6.6 саяыг зарлагдсан бол дараа сард ахин хөлд нь хий орж 15.5 саяар гадагшаа явжээ. 7-р сард азаар 7.2 сая болж буусан 8-р сард 58.4 сая хүртлээ огцом өссөн. Амралт зугаалгын сар тул аргагүй биз ... 9-р сард сэрүү ороход бага зэрэг буурч 28.8 саяар гадагшаа явцгаасан байна. Хамгийн олон явсан гишүүнээр Ш.Солонго, ажилтуудаас Цэцийн ажлын албаны мэргэжилтэн Билгүүн нар “шалгарчээ”. Үүнээс үзэхэд их л зав цагтай хүмүүс бололтой. Гэтэл бид бүгдээрээ шахуу Үндсэн хуулийн хямралд орсон гээд бухимдаад сууж байдаг нь гайхалтай.