alim.mn | 2024.12.21
Мэг Мунн: Монголын парламент хүний эрхийн талаарх өөрийн үнэлгээг хийсэн дэлхийн анхны парламент гэдгийг байнга дурдах болно

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын парламентын гишүүн асан, хатагтай Маргарет (Мэг) Мунн, Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан, хатагтай Мариана Дуарте, тус холбооны Хүний эрхийн асуудал эрхэлсэн ажилтан, хатагтай Бутайна Ламхарзи нарыг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Их Хурал хүний эрхийн талаарх өөрийн үнэлгээг хийсэн дэлхийн бүх парламентуудаас анхдагч болж, Жендерийн эрх тэгш байдлын талаарх өөрийн үнэлгээг хийсэн 13 дахь парламент болсныг уулзалтын эхэнд цохон тэмдэглэж, ОУПХ-ны хамтын ажиллагаа, аргачлалын дагуу явуулсан энэхүү өөрийн үнэлгээний үйл ажиллагаанд зөвлөхөөр ажилласан хүндэт зочдод Монгол Улсын Их Хурал болон өөрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэв. Тэрбээр, Монголын ард түмний төлөөллийн байгууллага Улсын Их Хурал хүний эрх болон жендэрийн тэгш байдлыг бүрэн хангаж ажиллах үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлэхийн тулд өнөөгийн нөхцөл байдлаа үнэлж, цаашид хэрхэн ажиллаж, хэрхэн сайжруулах талаар тодорхойлоход өөрийн үнэлгээ ихээхэн чухал болохыг онцлоод өөрийн хуримтлуулсан туршлагаа бусад орны парламенттай хуваалцахад таатай байх болно гэв. Түүнчлэн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн парламентын ардчиллыг бэхжүүлэх, шударга ёс, хүйсийн эрх тэгш байдлын мэдрэмжтэй ажиллах талаар гаргаж буй Монгол Улсын Их Хурлын хүчин чармайлт, идэвх санаачилгыг Олон Улсын Парламентын Холбоо дэмжиж байдагт ямагт талархалтай байдаг гэлээ. Хатагтай Мэг Мунн Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган халуун дотноор хүлээн авч байгаад баяртай байна гээд Олон Улсын Парламентын Холбоо, Монгол Улсын Их Хуралтай хамтран хоёр өдрийн турш зохион байгуулсан “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний хэлэлцүүлэгт манлайлан оролцож, дэмжиж ажилласанд талархал илэрхийлэв. Тэрбээр, 2015 оноос хэд хэдэн орны парламентад жендэрийн эрх тэгш байдлын талаарх үнэлгээ хийж байсан хэдий ч хүний эрхийн талаарх өөрийн үнэлгээг Монгол Улсын Их Хуралтай хамтран анх удаа хийлээ. Энэ бол Олон Улсын Парламентын Холбооны хувьд түүхэн ач холбогдолтой үйл хэрэг болсон. Монголын парламент энэ хэрэгслийг ашигласан дэлхийн анхны парламент гэдгийг байнга дурдах болно. Улс төрийн манлайлал маш чухал тул Олон Улсын Парламентын Холбооны зүгээс Монгол Улсын Их Хуралд хийсэн энэхүү үнэлгээд ихээхэн ач холбогдол өгснийг энэ ташрамд дурдах нь зүйтэй. Иймд тус Холбооноос дэлхийн парламентуудын үлгэр жишээ болсон Монгол Улсын Их Хурлыг цаашид ямагт дэмжиж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ