Хайр сэтгэлийн холбоотой байхдаа өгсөн 26 сая төгрөгөө “хайр” дууссаны дараа шүүхээр нэхэмжилсэн хэрэг гарчээ
Өвөрхангай аймгийн шүүх 26 сая төгрөгний нэхэмжлэлтэй нэгэн "ээдрээтэй" хэргийг шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч нь тухайн үед Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн “Орон зай” худалдааны төвийн 3-р давхарт байрлах “....” нөүтбүүкийн дэлгүүрт ажилладаг байжээ. Мөн захирлын дүү залуутай хайр сэтгэлийн холбоотой байсан гэнэ. Энэ харилцаа 2020-2021 он гартал үргэлжилжээ. Дээрхи хугацаанд нэхэмжлэгч нь “хайртай шүү, үнсэе, тэврэе, блокоо гарга, хүчтэй байгаарай, амжилт” гэх зэрэг гүйлгээний утгатайгаар 84 удаагийн шилжүүлгээр нийтдээ 26 сая төгрөг шилжүүлжээ.
Энэ тухайд нэхэмжлэгч нь “... Захирлын дүү борлуулалтын орлогоос хий гэх бүрийд шилжүүлж байсан. Байр түрээслэх гэж байна мөнгө төгрөгөөр туслаач, мөнгөний хэрэг гараад байна би эргүүлээд өгнө, би хувиараа бизнес хийнэ, хаус бариад түүнийгээ түрээслээд мөнгө олно, энэ ажилд туслаад мөнгө зээлээч гэх зэргээр олон удаа мөнгө зээлсэн байдаг. Үүнээс хойш энэ байдал байнга давтагдаж нэхэх мөнгөний хэмжээ хүртэл нэмэгдэж сүүлдээ өгөхгүй бол хохь чин шүү гэх мэтээр дарамталсаар мөнгө авсан...” гэжээ.
Харин хариуцагч нь “... Миний бие нэхэмжлэгчтэй 2020 оноос 2021 оны 2-р сарыг хүртэл үерхэж, хайр сэтгэлийн холбоотой байсан ба түүний шилжүүлсэн мөнгийг бид хамтдаа ойр зуурын хэрэгцээндээ хэрэглэдэг байсан. Тэрээр компанийн орлогын мөнгийг шилжүүлж байгаа гэж надад хэлдэггүй, би цалингаасаа өгч байна л гэж боддог байсан. Би мөнгө зээлээч гэж нэг ч удаа албан ёсоор хэлж байгаагүй, өөрөө сайн дураараа над руу шилжүүлдэг. Бидний хооронд тодорхой хугацаа тохирч, буцаан төлөх үүргийг надад хүлээлгэж шилжүүлсэн зүйл байхгүй. Би зээлж авч байна гэж огт ойлгоогүй, бас энэ хүн надад зээлдүүлж байгаа шүү гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Хариу төлбөр нэхэлгүйгээр шууд шилжүүлдэг. Шилжүүлсэн мөнгө миний банкны картанд орохоор хамтдаа хэрэглэдэг байсан...” гэжээ.
Гэсэн ч авсан нь үнэн, дансаар орсон нь баримттай тул шүүх хариуцагчийг экс амрагдаа 26 сая төгрөгийг нь буцаан өгүүлэхээр шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hun
1 жилийн өмнө
203.91.115.53
Kk aihtar ym boljde
Төстэй мэдээ