alim.mn | 2024.12.22
Зөвлөх үйлчилгээнд 220 тэрбум төгрөг төсөвлөжээ
Нийслэлийн төсвийн хэлэлцүүлэг болж байна. Ирэх 2024 онд төсвийн орлогыг 33 хувиар өсгөж, 2.6 их наяд төгрөгөөр тооцжээ. Гэвч, үерийн далан, суваг шуудуу, цэвэрлэх байгууламжид ердөө 12 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Гэхдээ бас гомдолтой нь баячууд, дарга нар л төвхнөсөн Богд уулын Жаргалантын амны үерийн хамгаалалтын барилга байгууламжийг 5.2 тэрбумаар барихаар төсөвлөжээ. Жаргалантын аманд хэдэн хүн байгаа билээ? Гэтэл, хүн амын төвлөрөл ихтэй, хамгийн их үерлэдэг, энэ зун нийслэлийг хамахаа шахсан Сэлбэ голын даланд сохор зоос ч тавьсангүй. Жаргалантын амныхан жаргаж амьдарч байвал Баянзүрх дүүргийнхний амь нас хотын удирдлагуудад түй ч хамаагүй бололтой.
 Нийслэлийн төсвийн шинжвэл судалгаа, шинжилгээ, зөвхөн зөвлөх үйлчилгээнд 2024 онд 220 орчим тэрбум төсөвлөжээ. Нийслэл уг нь жилдээ 3 тэрбумын төсөвтэй Бодлогын судалгааны төвтэй. Толгой нь ажилладаггүй, дан гаднаас зөвлөгөө судалгаа авдаг юм бол энэ төвөө татан буулгавал таарна. 
Ингээд
-Автозамын түгжрэл, сөрөг нөлөөллийг бууруулах судалгаа шинжилгээ хийхэд 1.6 тэрбум
-Дагуул хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад 3.9 тэрбум
-Метроны ТЭЗҮ, зураг төсөл 180 тэрбум
-Авто замын геометр хэмжээсийг тооцоолох аргачлал боловсруулахад 120 сая төг
-Авто замын байгууламжийн ажлын зураг, зөвлөх үйлчилгээ 500 сая
-Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээ 5.2 тэрбум
  -Гэр хорооллын дахин зохион байгуулалтын зураг төслийн ажил 69 сая
  -Замын хөдөлгөөн УТ-ийн байрны зураг төслийн зөвлөх үйлчилгээ 60 сая
 -Граж буулгасан газарт ногоон байгууламжийн барилгын ажлын зөвлөх үйлчилгээ 1.6 тэрбум
 -Агаар орчны бохирдлыг бууруулах мэдээллийн төв байгуулах 58 сая
 -Автозамын түгжрэлийг бууруулах гадаадын зээл тусламжид шаардагдах зөвлөх үйлчилгээ 1.2 тэрбум
  -Нийтийн тээврийн төлбөрийн менежментийн систем 22.8 тэрбум
   -Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн ажил 4.85 тэрбум
ААвтозамын сүлжээний арчлалтын төлөвлөлт, санхүүжилтын тогтолцоог шинэчлэх зөвлөх үйлчилгээнд 350 сая төгрөг зарцуулна гэнэ. 
Мөн Нийслэлийг камержуулахад 2024 онд 80 тэрбумыг төсөвлөжээ. Гэмт хэргийг илрүүлэхэд дөхөмтэй ч хүний эрх, аюулгүй байдал талаасаа бас асуудалтай. Царай таньдаг технологиороо дэлхийд Хятад тэргүүлдэг. Тэр тусмаа бослого хөдөлгөөн ихтэй Шинжаан Уйгурын хотуудыг алхам тутамд нь камержуулж, тэнд хяналтын бүрэн тогтолцоог бүрдүүлсэн байдаг.
Улаанбаатар хянагдсан камерын мэдээллийг программ хангамжийг нийлүүлэгч тал бүрэн атгана. Үндэсний аюулгүй байдал, хүний эрхтэй ч холбоотой асуудал хурцаар хөндөгдөх нь.
Хамгийн сонирхолтой нь  Нийслэл хотын албан татварыг 2 дахин нэмэгдүүлэхээр тусгажээ. Үүнийг  эсэргүүцэн ХҮН намын бүлэг НИТХ дээр завсарлага авчээ. НИТХ-ын Хуралдаан даргалагч,  Халиунбат 2 цагийн завсарлага өгөөд “Энэ хугацаанд та нар тэртээ тэргүй иргэдэд тайлбарлаж чадахгүй” гэж доромжилжээ. "НИК-ийн хүргэн", хурган дарга Халиунбатад НИйслэлийн татвар амархан ч нийслэлчүүдэд хүндээр тусна. Нийслэл хотын татвар  1 хувь байсан нь одоо 2 хувь болон нэмэгдэхээр болов. Талхаа авсан ч, такси барьсан ч, ресторанд орсон ч 2 хувийн татвар төлөх нь дээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ