С.Бямбацогт сайд ёс суртахууны хариуцлага хүлээдэггүй юм гэхэд уучлал гуйх уу?
Гурван долоо хоногийн өмнө тээвэр ложистикийн компаниудын том хурал болсон. Тэр оройн хүлээн авалт дээр Зам тээврийн сайд С.Бямбацогт ширээ хэсэн мэндчилж яваад УБТЗ-ынхан дээр очиж, хоцрогдсон, Орос талыг баримтлагчид гэсэн утгатай ширүүхэн үг унагаж. УБТЗ хоцрогдсон нь үнэн, чухам үнэнийг шулуун хэлж. Гэхдээ улстөрч хүний хувьд улс төрийн агуулга, геополитикийн шинжтэй үг өгүүлбэрийг олны өмнө, найр цэнгээн дээр хэлсэн нь зохимжгүйгээр барахгүй хөлчүү явсныг нь нотлов. Явахдаа үдэж өгөхөөр жагссан албатуудынхаа дундаас УБТЗ-ын орлогч дарга Н.Энхцогтын чамирхайн тус газар буулгаад авч. Н.Энхцогт тэр цагаас хойш эмнэлгээр явж буй агаад эрийн шийр заан сайдаа ганц удаа ярихыг хүлээж. Гэтэл ярьсангүй, яасан ч үгүй. Тэсгэл алдаад дуугарч эхлэв. Түүний ярьсныг сонссон ялангуяа эрчүүд ганц цохио л биз, гоншгинолоо гэх мэт үг унагаж. Үгүй л дээ. Төрийн алба бол төрийн алба. Алба хаагчид сайддаа, дарга нартаа зодуулж, шанаадуулах албагүй. Албаны хүлээн авалт дээр бол бүр үгүй шүү. Анд нөхдийн ёсоор орон гэр, баар саванд наргиж яваад тэр мэт болсон бол өөр хэрэг. Харин ч Н.Энхцогт төдийгөөс өдий хүртэл эр хүний ёсоор хүлээж. Ер нь яасан ч гэж хүлээх ёстой юм. Эдгээрийг орхиод Монгол төрийн сайд нарын ёс суртахуун, биеэ авч яваа энэ мэт хөлчүүрхлийг өөгшүүлэх, дөвийлгөх, хамгаалах ёсгүй шүү. МАН эрх барьж байж болно, элэг барихгүй шүү. Байтлаасаа одоо төрийн албан хаагчдаа захаас нь барьж аваад нүдээд явчих юм уу. (Зам тээврийн яаманд хүн амины хэрэг гарсан, одоо сайд нь хүн зодох болж) Хэн нэгнийг өмөөрч эсвэл буруутгах өнцгөөр хандсангүй. Гагцхүү дарга албатаа зоддог, цохидог. Сайд олон нийтийн газраар хөлчүүрхэх нь зөв үү гэсэн асуулт тавъя.
Сэтгүүлч Б. ОЮУН