Авлигын шүүх байгуулахаар яаралтай горимоор хуулийн төсөл орж ирэв. Дэлхий дээр 27 оронд л ийм шүүх байдаг аж. Пост соц, хуучин ЗХУ харьяанаас задарсан улсууд, мөн Африкийн ядуу орнуудад л байдаг болтой юм. Шинэ цагийн хэлмэгдүүлэлт болох вий, дахин хонгил угсрах нь уу хэмээн олон нийт болгоомжтой анхааралтай ажиглаж байна. Эрхэм 76 хэрхэн хүлээн авч, задлан шинжлэхийг харах үлдлээ. Монгол ардчилсан орон. Гэвч сүүлийн үед шүүмжилсэн, үг хэлсэн, эсэргүүцэж тэмцэхийг эрмэлзсэн болгон, өөр бодолтой л бол ачиж цээрлүүлчих гээд нэг тийм айдас бий болсныг нуух аргагүй. Одоо Авилгын шүүхтэй болох нь. Энэ Засгийн газар Монголд бугшсан олон муу муухайг уудалж, илжирсэн сав суулгыг онгойлгосон. Харин цэвэрлэж чадахгүй бүүр дийлэхгүй байгаа тул сонгуулийн өмнө тусгай шүүхтэй болж байгаад шийдэх замдаа орох гэж буй бололтой. Аргаа барсан ч байж мэднэ. Гэхдээ шинэ цагийн хэлмэгдүүлэлт болох вий гэдэг бол гарцаагүй үнэн. Ардчиллаа алах вий. Шорон, шүүх хоёр л нэмэгдэх боллоо гэж ярилцах боллоо, иргэд.
Ард түмний төлөөлөл УИХ хааш нь эргүүлэхийг харж байя. Сонгууль дөхсөн энэ цагт намын даргынхаа тэргүүлсэн Засгийн газраас өргөн барьж буй хуулийн төслийг сөрөх " тэнэг толгой" үгүй л болов уу. Товчхондоо ногоон гэрлээр явах байх. Харин ардчилсан Монгол Улсын иргэн бид ахин нэг шүүхтэй шинэ оны оргилуун дарсаа буудуулах нь дээ.