Монголын хамгийн чинээлэг аймгийн иргэдийн дийлэнхи нь хамгийн олон салбартай бас харилцагчидтай гэгддэг “Хаан” банкинд бус харин “Капитрон” гэх жижигхэн банкинд өртэй гэнэ. Энэ банкны үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгчийг нь өчигдөр эхэлсэн Нүүрсний сонсголоор олон нийтэд зарлалаа. “Капитрон” банкны үүсгэн байгуулагч нь Сингапурын тэрбумтан Билли Лим Сим Пау ажээ. Харин эцсийн өмчлөгч нь УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ. Сингапурын тэрбумтныг “Женко” Х.Баттулгатай олон жил холбож ярьж ирсэн бол дээр нь Өмнөговийн баян нэмэгдэж байна. Билли Лим Сим нь “Мах импекс”, “Баянгол” зочид буудал гээд “Женко”-гийн хөрөнгөний талыг эзэмшдэг бол өдгөө “Ажнай”-гийн арвин их хөрөнгөний нэлээд хэсэг нь Сингапурын тэрбумтний мэдэлд байдаг болж таарах нь. “Капитрон” банкны тухайд харилцагчдын болон салбарын тоогоороо “Хаан” банктэй харьцуулашгүй. Гэтэл ганцхан Өмнөговьд л “Хаан” банкийг ардаа орхиж чадсан нь гайхалтай. Өмнөговьчууд жижиг Тавантолгой хэмээх “Ажнай”-н мэдлийн нүүрсний ордоосоо “Нутгийн хишиг” гээд жоохон юм авдаг. Төрийн албан хаагчид нь “Нутгийн дэм” гэж авдаг агаад үүндээ сэтгэл ханачихсан. Гэтэл тэр нь уурхайгаас гарч байгаа асар их орлогын ердөө хусам нь гэхэд болно. Харин өрмийг нь олон жил хүртэж яваа “Ажнай” Д.Бат-Эрдэнэ л гэхэд Өмнөговьд ганц олигтой сургууль барьчихаагүй л байна. Тэрээр Нүүрсний сонсгол дээр чичигнэсэн хоолойгоор гацаж түгдрэн “... Би ямар нэгэн насандаа худлаа ярьж, хулгай хийгээгүй. Үүнийг Монголын ард түмэн, Өмнөговьчууддаа итгэл дүүрэн хэлье ...”гэв.