Зөвхөн Монголд тохиодог гайхамшиг
Зөвхөн Монголд тохиодог гайхамшиг. Авлигын шүүх байгуулах Засгийн газрын төслийг УИХ хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Дээд шүүх санал өгөөгүй юм билээ. Энэ бол авлигатай тэмцэх Засгийн газрын бодлого гэж Хуулийн сайд тодотгосон. Бусад засаглалын бодлого биш юм уу гэлтэй. Ач холбогдол өгч хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхий сайд өөрөө хийсэн. Тэрбээр танилцуулгадаа "Удахгүй сонгууль болно Оюун-Эрдэнэ зайлчихна гэж авилгачид ярьж байгаа юм билээ" гэсэн ховын үг унагаад авна лээ. Төрийн томчуудын үг хэллэг улам л чавганцраад, жижигрээд байх болж дээ. Авлигын шүүх байгуулах хамгийн гол шалтгаан нь анхан шатны шүүгчдийн чадваргүй байдалтай холбоотой гэж төсөл өргөн баригчид хэлсэн. Их наядын хулгайчдыг хэдэн саяар торгоод явуулж байна гэж Хуулийн сайд нотолсон бол гишүүн Ч.Ундрам жирийн ардын хэргийг гуравхан сард шүүгээд явуулдаг атлаа авилгачдын хэрэг долоон жил дамнадаг гэж дэмжсэн. Энэ ч санаатай үйлдэл биз, чадвартай ч холбоотой байх. Одоогийн хуулиар Анхан шатны шүүхийн шийдвэрийг дээд шатанд хянах боломжгүй болгочихсон. Тиймээс сэргээх асуудлыг ШЕЗ болон Дээд шүүх санал болгож байгаа юм билээ. Хуулийн хулгай, хуулийг гууль болгох гэж л үүнийг хэлэх байх. Ингэж эрх зүйн орчныг нь тонгочуулаад байхаар аль ч шатны шүүгчид, хуульчид яаж боловсрох юм. Яаж дураараа тонгочихгүй байх юм. Тэгж анхан шатны шүүгчдийг оодруулж, галзууруулчихаад одоо ЧАДВАРГҮЙ гээд даапаалж суух. Тэгээд яах юм бол, шинэ шүүх байгуулахаар шижигнэсэн чадвартай шүүгчид тарьж илбэдсэн мэт гараад ирэх юм байх даа. Энэ шалтгаан шүүхийг хүчгүйдүүлсэн, шүүгчдийг үнэгүйдүүлсэн бүхэлдээ одоо буй Шүүх засаглалыг дорд үзсэн, хариуцлагагүй тайлбар гэлтэй. Хямрал ч бүхий шатанд цогшиж буй юм байна гэж л ойлгогдохоор болжээ. Анхан шатны шүүхийг дээд шатандаа хянадаггүй, хянасан ч хязгаарлагдмал эрх зүйн орчинтой. Тэгснээ өнөөх анхан шатны шүүгчдээ чадваргүй гэдэг зөвхөн Монголд байдаг гайхамшгуудаа шагшин магтсаар хөгжинө дөө.
Б.ОЮУН
Оруулах
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ