
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат Б.Энхжаргал нь иргэн Д.Батлайн захиалгаар мянган юаны хөлсөөр түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдсон. Тэд автозамын шалган нэвтрүүлэх боомтоор гурван ширхэг сангийн бойпор, гурван ширхэг бурханы гар, хоёр ширхэг цайвар зоос, нэг ширхэг очир, илтгэл шасдир 18 ширхэг, судар таван ширхэг, ном хоёр, шавар бурхан нэг, металл бурхан долоог хилээр гаргах гэж байгаад баригджээ. Тэдгээрээс Илтгэл шастир хэмээх барласан ном нь Манжийн эрхшээлийн үеийн Монголын түүхийн сурвалж бөгөөд засаг ноёдын залгамж, гавьяа зүтгэлийг өгүүлэх төдийгүй түүхэн хэрэг явдлууд, аймаг угсааны түүх, түүхт хүмүүсийн намтарт холбогдох чухал мэдээ агуулсан. “Илтгэл шастир"-ыг анх 1779 оноос эхлэн зохиож, 1795 онд хэвлэн үндсэн 120 дэвтэрийг барлан тараан, 1812, 1836, 1849, 1859 онд тус тус залган зохиосон бөгөөд нийт 216 дэвтэр болгож, барлан олшруулж Монголын олон хошуунд тараасан байдаг. Шүүх уг хэргийн захиалагч Д.Батлай, гүйцэтгэгч Д.Энхжаргал нарыг тус бүр нь 10 сая төгрөгөөр торгожээ.