alim.mn | 2025.01.03
Хэрэгт холбогдоод хил давж зугтсан Б.Энэбиш эргэн ирж, нүүрсний сонсголд оролцож байна

Нүгэл нүдээ олно гэж. Нүүрсний сонсголд сонин сонин улс иржээ. Хэрэгт холбогдоод хил давж зугтсан Б.Энэбиш эргэн ирж, нүүрсний сонсголд оролцож байна. Б.Энэбишийн хувьд Р.Гончигдоржийг УИХ-ын дарга байх үед Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан. Тэрбээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийг гурван жил удирдсан боловч хамгийн муу нэртэй үлдсэн захирал. Тухайлбал, Б.Энэбиш энэ албан тушаалд байхдаа “Эрдэнэс тавантолгой” компанид 1.6 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 10 ширхэг хүнд даацын автомашин, 4.0 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх шаардлага хангахгүй дугуй сэлтийг шахсан, Хятадын “Чалко” компанитай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулахдаа Тавантолгойн Баруун цанхийг барьцаанд тавьсан зэрэгт хэрэгт нэр холбогдож байв. Ингээд прокуророос хэрэг үүсгэн шалгаад эхэлмэгц Австрали руу хил даван зугтсан гэдэг. Тухайн үедээ интерполоор хүртэл хайлгах шийдвэр гарч байв. Гэтэл гэнэт эргээд ирчихсэн юу ч болоогүй юм шиг мэлтийтэл сууж байх юм. “Эрдэнэс Таван Толгой”-г 350 сая ам.долларын өрөнд оруулсан гэгддэг Б.Энэбиш  энэ нүүрсний  сонсголд суух ёстой, ярих ёстой хүний нэг.

   Улс төрийн холбоо хамаарлын тухайд Б.Энэбишийг Сү.Батболд, Н.Алтанхуяг нартай их ойр гэдэг. Жишээ нь, Б.Энэбишийн хүргэн нь Сү.Батболдыг Ерөнхий сайд байх үед Шадар туслахаар ажиллаж байгаад хожим Австрали дахь Элчин сайдын яам руу томилогдсон юм. 

Гэрчээр дуудагдсан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбишээс Сонсголын даргалагч Б.Энхбаяр "Яг ямар гэмт хэрэгт таныг буруутгаад та хэдэн жил гадаадад байж байгаад ирэв? Таныг оргон зайллаа л гээд байсан, тэр хэрэг нь одоо юу болсон бэ? Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан болоод буцаад ирчихсэн юм уу?" гэж асуув. 

Тэрбээр "Миний хувьд Оюутолгой, Тавантолгой төслийг өөрийн удирдаж байсан хамт олонтойгоо гүйцэтгэх удирдлагын түвшинд эхлүүлсэн хүний нэг мөн. Намайг ажлаа өгсний дараагаас эхлээд нэг улс төрийн нам солигдохоор нөгөөдхөө үгүйсгэдэг монголын улс төрийн дэг жаягийн дагуу өмнөхөө харлуулж эхэлсэн.

2008 онд одоогийн Монгол Ардын Нам тухайн үеийн Монгол Ардын Хувьсгалт Нам, Ардчилсан Нам хоёр нэг нь нийт иргэдэд 1.5 сая төгрөгийн мөнгийг бэлнээр өгнө гэсэн амлалттай. Нэг нь 1.4 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувьцааг олгоно гээд амлалттай ороод хоорондоо хамтарсан Засгийн Газар байгуулж тэврэлдэж гар бариад Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд энэ хоёр ордыг эхлүүлье гээд тогтоол шийдвэрүүдээ гаргаж компаниуддаа үүрэг өгсөн. Энэ ажлыг гүйцэтгэхийн төлөө л би ажилласан. 

Сонгуулийн амлалт болох иргэдэд сар бүр олгох 21,000 төгрөг, ахмад настанд олгох 500,000 төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох 1 сая төгрөгийг олох эх үүсвэрийн дийлэнхийн бүрдүүл гэсэн хатуу даалгавартай байсан учраас олборлолтын ажлыг нэн тэргүүнд тавьж шаргуу ажиллаж байсан. 

Энэ бүх ажлыг манай хамт олон маш амжилттай биелүүлж Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэс Монгол компаниас Хүний хөгжлийн санд нийлээд 400 орчим тэрбум төгрөгийг оруулсан байдаг юм.

Энэ бүхний дараа 2013 оноос над руу чиглэсэн шүүмжлэл гарсан. Австралид төрөх дөхсөн охин руу гаа очих гээд явсан хойгуур хэвлэл мэдээллээр асуудлууд гарч эхэлсэн. Гурван асуудал ярьдаг юм.

Нэгдүгээрт Чалкогийн гэрээг буруу хийсэн гэдэг. Энэ гэрээний тухай би хэзээ ч ярьсан бэлэн байна. Тухайн үед энэ гэрээг ойлгоогүй хүмүүсийн яриа хэвлэлээр дүүрэн байдаг. 

Хоёрдугаарт 60 тн даацтай 10 машин авсан нь эвдрээд байдаг юм байна. Яагаад худалдан авалт хийсэн юм бэ гэдэг. 

Гуравдугаарт хүнд даацын машинууддаа дугуй авсан тендерийн асуудлаар АТГ-т хэрэг үүсгэгдсэн. Миний бие энэ асуудал үүссэнийг ч мэдээгүй. Тэгээд 6, 7 сарын дараа ирэх гэж байтал шулуухан хэлэхэд намайг хэлмэгдүүлэх шинж тэмдэг илт ажиглагдаж байсан.

Шударга бусын хонгил руу эхний ээлжинд чихэгдэх гээд байгаагаа мэдэрсэн учраас хэдэн жил гэр бүлтэйгээ амьдарсан юм. 

Тухайн үед энэ асуудалд тайлбар өг гэж хуулийн байгууллага надад нэг ч удаа хандаж байгаагүй. Надад хандсан бол би тодорхой үед нь хариулт өгөх бүрэн боломж байсан. Тэгээгүй учраас намайг оргон зайлсан гэж ярьдаг байх. Гурван жилийн өмнө ирсэн. Монголын уул уурхайг эхлүүлснийхээ төлөө хилс хэрэгт хэлмэгдэж байсан хүн" гэв. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ