alim.mn | 2024.12.23
“Түмэн айл инвест”-ийн уурхайн хятад дарга Дорноговийн тагнуул, цагдаагийн ажилтнуудыг сая төгрөгөөр хахуульдах гэсэн ХЭРГЭЭС ...

Дорноговь аймгийн Мандах сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Довцог худаг” гэх газарт орших уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Түмэн айл инвест” компани эзэмшдэг. Энэ компанийн талбайн 2-р амны хөрс хуулалт, нүүрс олборлолтын үйл ажиллагааг Хятадын хөрөнгө оруулалттай компани явуулдаг. Бас доороо хоёр ч туслан гүйцэтгэгчтэй. Энэ хятад компани “Түмэн айл инвест”-тэй гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй, ер нь замбараагүй байсаныг аймаг хариуцсан захирал нь хүлээн зөвшөөрчээ. Хятад инженер Шен Вей Дун нь ямартай ч уурхайг хариуцсан ерөнхий инженер ухаантай гэнэ. ЦЕГ-аас жил бүр зохион байгуулдаг “Бодис-2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд өнгөрсөн 9-р сарын 30-нд тус уурхайд гэнэтийн шалгалт хийхээр Дорноговь аймгийн тагнуул, цагдаагийнхан иржээ. Шалгалтаар уурхайн эксковаторын 11 оператор нь бүгд БНХАУ-ын иргэд байсныг илрүүлжээ. Ерөнхий инженер ухаантай Шен Вей Дунаас хятад ажилчдых нь паспортыг шаардан гаргуулж үзэхэд бүгд К-2 буюу жуулчний визийн ангилалаар орж ирсэн, ажил эрхэлэх ёсгүй байсан. Ингээд байдал эвгүйдмэгц орчуулагч эмэгтэй нь бие засна хэмээн гарч хятад инженер цагдаа тагнуулын хоёр ажилтантай гурвуулханаа үлджээ. Энэ үед Шен Вей Дун ширээнийхээ шургуулганаас хоёр дугтуй гаргаж ирээд сарвайжээ.  

Уурхайн дарга гэж танилцуулсан хятад иргэн нь шалгалтын хэсгийг хүлээн авч уулзаад бидний шаардсан бичиг баримтыг бэлдүүлэхээр орчуулагч гэх эмэгтэйг өрөөнөөс гаргасан, тэгээд ширээн доороосоо хоёр ширхэг дугтуйтай зүйл авч бидэнд нэг нэгээр өгөх гэхэд нь авахгүй гэж дохио зангаагаар хэлсэн

Үүний дараа орчуулагч эмэгтэй нь орж ирсэн агаад “мөнгө өгөх гэсэн нь ямар нэгэн зорилгогүй” гэж хэлсэнийг дамжуулсан. Тэр дор нь хахууль өгөхийг завдсан хэрэг хэмээн мэдэгдэж дугтуйг гаргаж ирэхийг шаарджээ.  Нээж үзэхэд тус бүрд нь 500 мянган төгрөг хийсэн байжээ.  Ийм хэрэг дэгдсэнийг мэдээд “Түмэн айл инвест”-ийн Дорноговийг хариуцсан захирал нь бөөн уур болсон.  Орчуулагч хүүхнээ “тэнэг юм уу чи” гэж загнажээ. Өнөөх нь “намайг жорлон орсон хойгуур ийм болсон” гэжээ. Хятад инженер нь “манай еэвэнгийн сар болж байсан тул мөнгө өгөх гэсэн юм” гэсэн байна. Шүүх хятад иргэнийг уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд удирдах албан тушаал хашихийг хоёр жилээр хасаж, таван сая төгрөгөөр торгожээ.  Өнгөрсөн онын хавар энэ компани техникээ авчирахад л Мандах сумынхан эсэргүүцэж зодоон болж байсан. 2014 онд байгуулагдсан “Түмэн айл инвест” нь таван хувьцаа эзэмшигчтэй гэнэ. Жинхэнэ эзэн нь И.Сүхбат агаад төрсөн дүү И.Наранхүүгээ хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн гэнэ. И.Сүхбат нь Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай “Монголын төмөрлөг үйлдвэлэгчдийн холбоо” ТББ-гаар холбогддог.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ