Өнгөрсөн онд Улаанбаатар хот он дамжих болон шинээр хэрэгжих нийтдээ 1.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй төсөл, арга хэмжээг баталсанаас дээрхи зөрчил алдаа илэрчээ. Энэ нь тухайн үед хотыг удирдаж байсан Д.Сумьяабазар, одоогийн НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нартай холбоотой юм. Ж.Батбаясгалантай холбоотой нь “Нийслэлийг хөгжүүлэх 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”-г тухайн жилийн 10-р сарын нэгний дотор батлахаар заасан ч хоёр сараар хэтрүүлж жилийн төсөвтэй хамт баталсан байна. Тодруулбал НИТХ-ын 2021 оны 12-р сарын 3-ний 11\31 тоот тогтоолоор “Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”-г, мөн тогтоолоор “Нийслэлийн 2022 оны төсөв”-ийг баталжээ. Д.Сумьяабазартай холбоотой нь 2022 онд хэрэгжих 401 тэрбумын өртөгтэй 43 төсөл аргаа хэмжээний санхүүжүүлэх дүнг 87 тэрбумаар дутуу батлуулжээ. Дээрх төсөл арга хэмжээг зураг төсөвгүй, газаргүйгээр төсөвд суулгасан байжээ. Үүнээс үүдэн барилга байгууламж, зам тээвэр, дэд бүтцийн ажлууд төлөвлөсөн ондоо бүрэн хэрэгжиж дуусахгүй, он дамжих зэрэг хор уршиг нь ахин давтагдсан. Үүн дээр тендер зарлахаас эхлээд шалгаруулах, санхүүжүүлэх, гүйцэтгэлийг нь тооцох, хүлээн авахад гаргасан алдаа зөрчил, холион бантанг нь нэмэх юм бол уулга алдах энүүхэнд. Жинхэнэ “манай Монгол бүтэхгүй” гэдгийн жишээ гэхэд болно. Ийнхүү манай хотыг наанаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, сахилга хариуцлага ярьдаг ч цаанаа чадваргүй, хариуцлагагүй, сэтгэлгүй дарга нар удирдаж ирсэнийг ахин баталлаа.