Сүүлийн үед Ертөнцийн эзний “дагалдагч” нар иймэрхүү болоод байгаа нь харамсалтай. Манай буддын шашны лам хувраг нар гэсэн ч чин үнэнч сүжиг бишрэлээрээ гайхуулаад байх юмгүй нь бас үнэн. Өдгөө 21 настай Б.Бат-Эрдэнэ нь таван жилийн өмнөөс Чингэлтэй дүүргийн 18-р хорооны Яргайтын ... тоотод байрлах “Есүсийг дагалдагч” цуглаанд явж эхэлжээ. Энэ сүм байгуулагдаад 19 жил болохдоо 200 гаруй үнэнч итгэгчийг цуглуулж чадсан нь Есүсийн энэрэшгүй их хайр ивээлийн ач биз... Цуглааны пастор нь Очироо ах гэнэ. Пастортоны гэрийн сейфэнд хэрэг гардаг хараалт өдрийн өмнөхөн 5.1 сая вон, таван сая гаруй төгрөг, 100 илүү доллар бэлнээр хадгалагдаж байжээ. Энэ нь тухайн үеийн ханшаар 20 гаруй сая төгрөг гэнэ. Их хэмжээний бэлэн мөнгө байсны учир нь сүм хажуугийн хашааны эзэн болох солонгос иргэнээс газрыг нь худалдаж авахаар болж бүр гэрээ хүртэл хийхээр товложээ. Гэсэн ч үнэнч итгэгч нэгэн нь Сатааны хорлолд автан лоом атган харанхуй шөнөөр мяраасны улмаас Ертөнцийн эзний адисласан энэхүү ариун гэрээ байгуулагдахаас ердөө нэгхэн хоногийн өмнө мөнгө алга болжээ.
Есүсийн “дагалдагч” хулгай хийхдээ хэрхэн зовж шаналж, адгаж сандарч байсан нь зарим мөнгөө шалан дээн унагаснаас нь харж болно. Газар худалдан авахаар бэлдсэн 20 сая төгрөгийг цуглаанд явдаг хувьдаа компанитай монгол хүн хандивласан гэнэ. Долларыг солонгос иргэн И Жун Вон өгчээ. Солонгос хүнээс газар худалдан авах гэж байсан тул төгрөгөө вон болгон хадгалж байтал ийнхүү Сатааны хорлолд өртжээ. Сүм хяналтын камертай боловч үнэнч “итгэгч” компьютерийн хардыг нь салган авч явсан. Гэсэн ч цагдаа шуурхай, чадварлаг ажиллан хэргийг цуглааны дагалдагч Б.Бат-Эрдэнэ үйлдсэнийг тогтоожээ.
Хулгайч нь Ертөнцийн эзний үнэнч дагалдагч тулдаа л хулгайлсан мөнгөө бүрэн үрээгүй байжээ. Цагдаа түүнээс 4.1 сая төгрөг, тав гаруй сая вон, 103 доллар хураан авсан. Хохирлын үлдэгдэл мөнгийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн төлж барагдуулсан байна. Тэрээр пасторынхоо Есүсийн адислалаар хамгаалагдсан бат сейфийг эвдэхдээ хагас метр гаруй урттай лоом ашиглажээ. Шүүх Сатааны хорлолд автагдсан Ертөнцийн эзний дагалдагчийг нэг жил хорих ялаар шийтгэсэн. Төр үйлдсэн хэргийг нь өршөөгөөгүй бол “Есүсийг дагалдагч” сүмийнхэн нь Есүсийн сургаалиа даган түүний гэм нүглийг уучилсан нь лавтай.