alim.mn | 2025.01.03
Түгжрэл дээд цэгтээ хүрсэн ч албаны мөнгөөр эрхэлсээр

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийг хоёр жилийн өмнө байгуулж, захирлаар нь Ч.Батзоригийг томилж байв. Энэ Ч.Батзориг даргатанг Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн дүү, нэгэн үе оффшорт 6 данстай гэж шуугиулж явсан Ч.Батзориг гэх нь бий. Нийслэлийн түгжрэлийг бууруулах төслийн захирагч тэрбээр 5.2 сая төгрөгийн цалинтай.

Автозамын түгжрэлийг бууруулах алба тусгайлан байгуулсан ч "сахил хүртээд шал дордов" гэгч болж, түгжрэл дээд цэгтээ хүрч, тэг зогсолт хийх шахаж байна. Ийм үед Нийслэлийн түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөлд ажилладаг гэж ярьж хэлэхээс ичмээр. Гэвч дарга нар ичдэггүй бололтой.

  Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээнд жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2024 оны улсын төсөвт тусгасан. Мөнгө санхүүгээр бол огт дутахгүй газар

  Түүнчлэн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн Засгийн газрын хэлэлцээр, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах болон улс, нийслэлийн төсвийн санхүүжилттэй төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр дээрх нэгжийг байгуулсан билээ.Тус нэгжийн ТУЗ-ийн даргаар НИТХ-ын төлөөлөгч Г.Төгөлдөр ажиллаж, гишүүн нь НИТХ-ын төлөөлөгч Б.Одсүрэн, Ж.Алдаржавхлан, П.Ганзориг, Б.Мөнхбат, Ж.Сандагсүрэн, Д.Пүрэвдаваа болон Хотын дарга асан Д.Сумъяабазарын туслах байсан Т.Оюунчимэг нарын хүмүүс багтдаг. Тэд сар бүр 550 мянган төгрөгийн цалин авдаг аж. ТУЗ-ийн дарга Г.Төгөлдөр АНодын Гүр-Аранзын хүү, экс мээр Д.Сумъяабазарын хүргэн. Б,Одсүрэн Метромолл их дэлгүүрийн эзэн, Ж.Алдаржавхлан ХУД-ийн Засаг дарга гээд дор бүрнээ албан тушаалтай хөрөнгө чинээтэй хүн. Хотын түгжрэл туйлдаа хүртэл хангамж авах байтугай цалингаа тоолж авахаас ч ичмээр.

  Гэтэл  Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж нь цалингийн зардлаасаа ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичиг дарга нарт 46.1 сая төгрөгийн нэмэлт  урамшуулал олгосон болох нь аудитын шалгалтаар ил болжээ. Тэрчлэн орон тоонд батлагдаагүй өөр байгууллагын ажилтанд 27.9 сая төгрөгийн цалин олгосон байжээ. 

Түүнчлэн байгууллагын бүтцэд, орон тооны орчуулагч, судлаач ажиллуулан цалинжуулсан боловч нэмж гэрээгээр орчуулагч авч ажиллуулан 17.5 сая төгрөгийн ажлын хөлс олгосон болох нь шалгалтаар тогтоогдсон байна.  Гэрээ дүгнээгүй, ажлын тайлан хавсаргаагүй, баримт дутуу  115.1 сая төгрөгийн төлбөрийг барагдуулсан, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр шууд гэрээ байгуулж 196.6 сая төгрөгийн төсөв зарцуулсан зэрэг  зөрчил илэрчээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ