Б.Энхбаяр эрэмгий байна. Хожимд түүх шүүх тул Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаярын хоршил чин шударга байгаасай. Нүүрсний хэргийн эхний нээлттэй сонсголын үеийн оргил сенсаац гол гэрч Эрдэнэс Таван толгойн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг оролцуулаагүй явдал байлаа. Дуулиан дургуйцэл дагуулсны дараа хоёрдугаар сонсголд түүнийг оролцуулах болов. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Түр хорооны дарга Б.Энхбаяр сонсгол эхлэхийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Нүүрсний авлигыг ил болгоно. Том дарга нараас хамгаалалт хаацайлах юм гарахгүй. Жинхэнэ хулгайч нар илчлэгдэнэ. МАН Засгийн эрх барьсан жилүүдэд дийлэнх хулгай болсон. Энд намчирхахгүй" гэхчлэн хатуу мэдэгдэл хийсэн. Эхний хэлэлцүүлгийн дараа ч тэрбээр хатуу байр сууриа нотолж" Өнгөрсөн 30 жилд ужгирч бугширсан бүх хулгай муу муухайг илчилнэ. Цэг тавьж, сайн цаг эхлүүлнэ" гэв. Тэр өөртөө итгэлтэй эрэмгий байна. Ард нь Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бат нот зогсож байгаа учраас, бүрэн эрх мэдэл өгч буй учраас, хөндлөнгөөс нөлөөлж оролцоогүй учраас тэр тийнхүү итгэлтэй мэдэгдэл хийсэн биз. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын энэ хоршилд ард олноор алга ташин, таатай хүлээн авч байна. Гэхдээ хэлмэгдүүлэл, шинэ хонгил үүсэх вий гэсэн болгоомжлол бий. Хардлага сэрдлэг ч бий. Хожимд түүх шүүх тул шударга ажиллаж, түүхэнд нэрээ үлдээгээсэй гэсэн сайн үг дайх байна.
Б.ОЮУН