УИХ-ын гишүүн гэж ард түмнээсээ тасарсан баячууд боллоо. Тэд ард түмнээсээ тасарсан баянаа нуухын тулд автобусанд селфидэж, монгол гэрт амьдарч, бантан идсэн зургаа байршуулна. Харин ядарсан иргэд нь баян харагдахын тулд хүний үнэтэй машин, гоё байшин, үнэтэй хоолны зургаа постолно. Сонгууль дөхсөн биш улстөрчдийн сурталчилгаа эрс идэвхижлээ.
Даяар дуурсагдах далай даян дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 2004 оноос УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Шинэ онд төрийн ордонд конторлож, хооллосны 20 жилийн ой тохионо. Дахиад 2024 онд орж, Дархан гишүүн болох бэлтгэлээ эхэлжээ. Цахилгаан машин, мөөгөн чинээ машины зургаа цахимаар харамгүй цацаж байна. Бүр сүүлдээ “гахай явган нохой нүцгэн” явах болов. “Доз” нь хэтрээд Солонгост хүртэл явган яваа зургаа үзүүллээ. Гадаадад казиноддоггүй, таксиддаггүй, Ганнам, Итовенд үнэтэй буудалд буудаггүй, хараар ажилладаг иргэд шигээ ядруухан явган яваагаа харуулсан бололтой.
Гэхдээ аливаа зүйлд билэг дэмбэрэл бий. Явган таваргасан улстөрчид УИХ-ын сонгуульд унадаг талтай. Тухайлбал Сангийн сайд, УИХ-ын гишүүн байсан 2000 онд гудамжинд лааз өшиглөн сурталчилгаа хийсэн. Тэгээд Баабар гуай навсайтлаа ялагдаж, нам нь УИХ-д ганцхан суудалтай үлдсэн түүхтэй.